2020-03-11
Сэргэлэн нүдэт

    Өнөөдөр ажлын харуул залуу “Санчирмаа, чамайг нэг жаахан охин өдөр болгон асууж орж ирэх юм” гэлээ. Өнгөрсөн 7 хоногт танилцсан манай жаахан танил л надтай уулзах гээд сураад байдаг бололтой...

...Ажил тараад гарч ирэхэд аль хэдийн харанхуй болсон байлаа. Ажлын хашааны хаалгаар дөнгөж гартал нэг бяцхан охин үүдэнд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз” гэсэн хаягийг тод уншиж зогсов. Би инээмсэглээд охиныг уншиж байгаагаа дуустал нь хүлээзнэлээ. Тэгтэл өнөө охин “Эгч ээ, та Гандангийн буудал орох уу?” гэж байна.

  • “Орно шүү дээ. Чи ганцаараа яваа юм уу?”
  • Харин тийм ээ. Манай ээж уг нь намайг ирж авдаг юм. Өнөөдөр манай дүү халуураад, тэгээд ээж намайг автобусанд суугаад хүрээд ир гэсэн.
  • Танайх хаана байдаг юм.
  • Манайх шар хадны эцэст, бүүр уулын орой дээр...
  • Хөөх, чи тэгээд тэр хол газар яаж ганцаараа явах болж байна вэ?
  • Намайг автобусны буудал дээр хүн тосчих байх аа. Гандангийн буудал ороод шар хадны автобусанд суучихад л болох нь тэр.

Сэргэлэн бор охины нүд харанхуйд гудамжны гэрлээс ч тод гялалзаж, дуржигнатал ярьж гарлаа. Би ч автобусны буудал ортол ханьтай алхах ийм хөөрхөн найзтай болсондоо олзуурхаж явлаа. 3-р ангид сурдаг шинэхэн танилын маань хичээл нь өдрийн 3 цаг өнгөрөөж ордог. Гурван ээлжээр хичээллэдэг сургуульд явдаг байх нь. Зурагтад амьдардаг байж байгаад энэ жил гэр нь нүүсэн гэнэ. Гэхдээ охиныг сургуулиас нь шилжүүлж амжаагүй бололтой. Өдөр нэг цаг гээд гэрээсээ гарсан ч хичээлдээ бараг хоцрох гээд байдаг гэж сэргэлэн нүдэт ярьж байлаа. Хөөрхий, энэ жаахан амьтан одоо өвлийн хүйтэн дөхөж байхад ийм хол газарт сургууль, гэр хоёрын хооронд явах гэдэг тун ч хүнд дээ гэж санагдахын зэрэгцээ харанхуй шөнө ингээд л танихгүй хүнээр хань хийгээд явж байхыг нь харахаар өөрийн эрхгүй санаа зовчихлоо.

Замдаа явж байгаад өнөөх охин маань, аниа энд түр хүлээж байгаарай би хурдхан дэлгүүр орчихоод ирье гээд дэгдчихлээ. Би араас нь яваад ортол “надад 100 төгрөг байгаа юм аа. Нэг чихэр аваад идчихье” гэж байна. Сэргэлэн нүдэт охиныг би чихрээр дайлах гэтэл “би энийгээ дүүдээ аваачиж өгнө” гээд цүнхэлчихдэг юм байна.

Дүүрэн хүнтэй нэг автобус ирж зогстол суух гэж дугаарласан хүмүүс бие биенийгээ нааш цааш түлхэлцэж эхэллээ. Энэ танай чиглэлийн автобус байна шүү дээ. Чи суухгүй юм уу гэж намайг асуухад “өө, энд чинь ёстой шумуул ч багтах зай алга” гэж данайж байна манай хүн. Тэгснээ, шар хадны автобус ойрхон ирдэг юм аа, дараагийнх нь хүн багатай ирнэ би яг мэдэж байна гэлээ. Тэгээд бид дараагийн автобус иртэл бас л ойр зуур олон сонин зүйл ярилцаж гарлаа. Автобус ч охины хэлснээр нэг их удахгүй ирэв. Сэргэлэн нүдэт маань ээж рүүгээ миний утсаар ярьж автобусанд сууж байгаагаа хэлчихээд үсрээд орчихлоо.Тэгснээ хуруугаа үнсээд автобусны цонхоор даллаж байна. Ёстой гандан бууршгүй цоглог охин юм даа...

 Харих замдаа охинд санаа зовоод л байлаа. Гэртээ ирээд ээж рүү нь залгаж асуутал ирээгүй байна гэлээ. Тэгж байтал нөгөө утаснаас дуудлага ирж байна. Утсаа автал “Аниа би гэртээ ирчихсэн” гэсэн цангинасан танил хоолой...

 - Сайн байна, гэхдээ ахиад харанхуй шөнө битгий ганцаараа яваарай! –За, аниа... бидний яриа ингээд өндөрлөв.

Ийм бяцхан охин харанхуй шөнө холын хол газрыг ганцаараа туулж гэртээ харина гэдэг элдэв янзын муу муухай хэрэг их сонсогдох болсон энэ цагт ямар их аюултай билээ дээ. Гэр бүлийнхэн нь охиндоо тавих анхаарлаа бүү орхиосой. Тэр охин хурдхан шилжиж гэрийнхээ дэргэд ойрхон сургуульд ороосой. 3-р ангийн 8-хан настай хүүхдүүдийн хичээл нь үдийн 3 цагт орж, оройн 7 цагт тардаг гурван ээлжийн хөтөлбөртэй сургууль байхгүй болоосой!!!

2017.10.24

Бичсэн: Боргоцой | цаг: 16:14 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax