2020-03-11
Үндэс

          Намрын саарал өдөр. Хүн бүр сэтгэл рүүгээ өнгийж, өөрийнхөө мөн чанарыг тунгаан бодож, зарим нэгэн нь “банштай цай” мөрөөдөн хөнгөн гуниглаж суудаг, шаргал навчис газарт хөглөрч цасны устай холилдон өнгөө алдчихдаг намрын байдаг л нэг саарал өдөр. Цамцныхаа энгэрийг зөрүүлэн барьж, мөрөө хавчсан, гадуур хувцасныхаа захыг чихээ хүртэл дээш татаж гараа зөрүүлэн эвхсэн хүмүүс зөрөлдөн алхах их хотын гудамж. Ажил, гэр, сургууль, гэр лүүгээ яарах амьдралын хэмнэл хүйтнийг зарлах ийм өдөр илүү хурдасдаг байх. Даарахгүй гэсэндээ яарахгүй байж чаддаггүй хүмүүсийн зан ч юм уу.

        Орон сууцны байруудын голд олны хөлийн дунд байрлах цэцэрлэгийн модон сандал дээр нэг л хүн саарал өдрийг таалан байгаа мэт тайван сууна... Тэрээр амьдралд үзэх бүхнээ үзсэн, одоо зөвхөн үхлийг л хүлээж байна уу гэмээр гунигт нүдээрээ орчин тойрныг ажина. Духныхаа үрчлээнд тогтсон цасны усыг арчих ч тэнхэлгүй, үгүй ер тэр хурын дусал түүний духан дээр тогтсоныг ажраа ч үгүй байж мэдэх энэ эрд хаа нэг тийшээ яаран тэмүүлэх шалтгаан байхгүй ажээ. Сайжруулан зассан хатуу хучилттай зам дээр цас нэвсийтэл орох ч төд удалгүй хайлж, төрөл бүрийн гутлын мөрд гишгэлэгдэн шалбааг болно. Орчлонд буухдаа ийм ариун цагаахан байтал одоо шавар шавхай болж газарт уусах цас.  Тээр тэртээгээс, тэнгэрээс аажуухан, алгуурхан буух цасан ширхэгт өвгөн атаархав. Түүний энэ атаархал тэнгэрт одчихмоор байгаа хүслээс нь үүджээ. Бүүдгэр тэнгэртэй өдрийн наран хэзээ жаргасан нь үл мэдэгдэх ч бүрэнхий болох ахуйд өдөр дуусч байгааг хөгшин анзаарлаа. Шанааных нь яс хэрдийсэн үрчлээт нүүрээ хэдэнтээ илээд, удаан суусандаа хөшиж орхисон өвдөгөө гараараа түшин өвгөн өндийлөө. Үхлээ зарлан хүн бүрийн хөлд дэвслэгдэх навчсыг ажин суусаар үдэш болгосон тэрээр ойролцоох орон сууцны орцоор орж, гурван давхар өөд мацууллаа. Тэмтчин байж гэрлээ асаагаад шууд л хүүгийнхээ өрөө рүү зүглэв.

  • “Аав аа, энэ тоглоомыг Энхлэн маань надад бэлэглэсэн. Хөөрхөн байгаа биз” гэж хэлээд цонхон дээр нааж асан чихмэл бамбарууш газарт уначихаж.
  • “Муу хүү минь, Энхлэн маань өгсөн юм. Энд байж байг” гэдэгсэн гэж өвгөн амандаа бувтнаад тоглоомыг газраас авч цонхон дээр шовхийтэл нааж орхилоо.

      Хариугүй жижигхэн хөл, бяцхан хамартай нялх амьтаныг энгэртээ тэврээд, элгээ эмтлэн байж эхнэрээ үдсэн гунигт өдрийг  тэр мартаж чаддаггүй. Хорвоод үндэсийг нь төрүүлж өгөөд орхиод одсон ханиасаа хойш удам залгах ганц хүүгээ хүнээс дутуугүй өсгөх гэж бүх насаа барсан сан. Барсан ч гэж дээ, түүний нас нэмэгдэж, тэр амьдарсаар л байна. Амьдрал өгсөн бүхнээ эргүүлээд авчихдаг дэндүү хатуу төөрөгтэй нь түүний гомдлоос үл сална. Хорин хэдтэй сайхан хүү нь ч одоо хорвоод байхгүй. Энхлэнгээ аавдаа танилцуулахаар хөөрцөглөн гарч одсон тэр өдрөөс хойш хүү нь эргэж ирээгүй.

Ааваасаа нууж Энхлэн рүүгээ сэм захидал бичиж суугаа нь, дуртай пүүзээ орныхоо доор хийчихээд, ахин дахин гаргаж зүлгэдэг нь, анхны цалингаараа учиргүй их хоол хүнс цугуулж ирчихээд “Одоо би аавыгаа тэжээнэ” гээд гэнэхнээр инээд алдаж зогссон нь тун саяхан мэт. Эсвэл зүүд зэрэглээ мэт...

         Хацар исгэх нулимс ч барагджээ. Өвгөн хоёр алгаараа нүүрээ таглаж, өөрийн эрхгүй бохирон унав. Энэ үдшээс хойш түүнд ахиад ингэтлээ шаналах хэрэг гарсангүй.

       Өвгөн хаалганы хонх жингэнэх чимээнээр сэрэхдээ, ахиад л амьд байгаадаа гутарч босов. Хүүгийнх нь өдөр тутмын ярианы сэдэв болж асан нүдэнд дулаахан шар охин бяцхан гэрийн эзнийг энгэртээ тэврэн хаалганы гадна зогсож байх нь тэр ээ.

Хөндийрч хоосорсон өрөөнүүдийг хүүхдийн цангинасан дуу цочоон баясгаж, хүлээн байсан үхлийн тухай бодлыг ор тас мартуулах шинэ амьдрал ингэж эхлэв. Үүрээр нялх хүүгээ тэврэн гадаалах жаргалтай хөгшин өнөөдрийн наранд залбирч суухдаа, амьдрал авсан бүхнээ буцаагаад өгдөгийн тохиолыг бас эргэцүүлж, энэ намар энд үгүйрсэн навчис ирэх хавар шинээр ургахыг бодон уужмаар санаа алдав аа.

Бичсэн: Боргоцой | цаг: 16:19 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax