2020-03-12
Саарал цувтай өвөө

Хэд хоногийн өмнө болсон явдал л даа. Би Цацукаг сургуульд нь хүргэчихээд гэртээ харьж явлаа. Модон хашааны хана дагаад алхаж байтал нэг саарал цувтай өвөө, үсээ 2 хувааж самнасан бяцхан охиноо дагуулаад гүйхээрээ сандарч яваатай зөрлөө. Намайг Цацукаг сургуульд нь оруулж өгөхөд ихэнх хүүхдүүд сургуульдаа ороод дуусч байсан тул өвөө охин 2 лав хоцорч байгаа нь лавтай. Өвгөн нэг мөрөндөө охины цүнхийг үүрч, гартаа ууттай пүүзийг нь барьжээ. Жаалхан охин хэдхэн харайлгаад л өвөөгийнхөө урд гарчихна, жаахан хүлээзнээд ахиад л дэгдэнэ. Өвгөн хар хурдаараа гүйх гээд л хичээгээд, амьхандаа хамгийн их хүчээ гаргаад л байгаа бололтой. “Охин минь хурдлаарай, гүйгээрэй” гэж амандаа бувтнана. Хүүхдээ хичээлээс нь хоцроочихгүй гэсэн өвөөгийн сэтгэл аль хэдийн сургууль дээр нь оччихсон байх шиг тэмүүлж яваа харагдав. Миний муу ээж өдөр бүр Цацралыг сургуульд нь хүргэхдээ ингэж л догдолж сандарч явдаг байх даа гэсэн зурвасхан бодол төрөв.

        Гэртээ орж мөнгө аваад эргээд дэлгүүр гарчихаад харьж байтал нөгөө саарал цувтай өвөө хэдхэн хормын өмнө яарч сандарч байсан ажлынхаа ард гарчихаад нуруугаа үүрээд тайван буцаж явахтай нь таарлаа. Өвгөн ёстой додигор алхаж байна. Араас нь хартал алхаа гишгээ нь аавтай минь төстөй юм аа. Тэр зуурт өнгөрсөн жил аав маань мөн л зээ охин Цацралыгаа цэцэрлэгт нь хүргэчихээд өглөө бүр харих замдаа ингээд л тайвуу уужуу алхдаг байсан байх даа гэж бодогдов. Саарал цувтай өвөө юу бодож яваа бол гэж өөрийн эрхгүй ажиж зогслоо. “Орой охиныхоо хичээлийг тарахаар хоцролгүй ирээд авчих юм сан. Ер нь эртхэн гараад сургуулийнх нь гадна очоод сууж байдаг хэрэг” ийм л юм бодож алхаа байх даа, энэ өвөө. Нас сүүдэр 70 нилээд гарсан болов уу гэмээр намбалаг өвгөний нэгэн өдрийн их ажлын тал нь нугаларч байгаа нь энэ. Хүүхдүүдийнхээ хүүхдийг хүмүүжүүлж өсгөх их ажлыг дуртайяа гардан гүйцэтгэж, хариу хөлс нэхэхгүй ч үргэлжид үнэгүй, нэргүй ажлын арыг дааж байдаг аав, ээжүүд минь. Монголоор дүүрэн ийм хөөрхөн эмээ, өвөө байгаа даа...

2017.10.18

Бичсэн: Боргоцой | цаг: 12:15 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax