2020-03-13
БОРОО

       Алсран холдох мэт харгуй зам бүдгэрэн цайраад, хөрхөн униартах уулсын орой хүдэнтэн дүнхийнэ. Дэлгээтэй гэрийн хаалгаар орж ирсэн бор шувуу босго давав уу үгүй юу хэдэнтээ газар тоншиж боорцогны үүрмэг үмхээд дэгдэн гарч одов. Нойрмог нүдээ нухчин харвал унинд өлгөсөн ээжийн дээлнээс усан дусал үе үе газарт бууж, шөнөжин орсон борооны чийг гэр нэвтлэн үнэртэнэ. Норсон аргал зууханд дур муутайхан асаж, гэрт бүлээ дүүгэх нь сайхан. Хөл нүцгэн гарч харвал хүрэн дээл өмсөж, цэцэгт алчуураар толгойгоо нямбайлан боосон ээж минь үхрийн зэлнээс тугалаа тууж явна.  Олон хоногийн шиврээ бороонд налсан өвс хөл дороос туниа муутайхан эвшээлгэж, хөшилдөн тогтсон бараан үүлсийн цаанаас нар авхай үл ялиг мишээнэ. Хатаж гундсан хангай дэлхий сэргэх нэгэн дэлгэр өглөө эхлэх нь тэр.

        Цонхны шилэнд тороод бөнжигнөн буух бороон дуслууд үг хэлэх шиг багын дурсамж сэтгэлд тодрон буух нь дотно. Яг ийм чийг даасан өглөөг гэрийн тооноор дуслах бороон чимээтэй хамт угтдаг сан. Харин одоо тэр дуслууд ээжийн дээлийг норгодог шиг ээ надтай найзлах гэж цонхны шилний цаанаас даллана. Бодолд дарагдсан мэт дүнхийх их хотын олон давхар барилгын цонх бүрийг тогшиж буй энэ бороон дусал эрхэлж өссөн хүүхэд насны минь гэгээн дурсамжийг сануулан газарт буух нь хайр түгээх шиг. Ай даа хавар цагийн бороо...

Бичсэн: Боргоцой | цаг: 16:21 | зураглал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax