2025-12-03
ТОЙРОМ


Дараагийн боть нь хэзээ гарах бол гэсэн хүлээлтээр сүүлийн хуудсыг нь хаав. Ямар амттай ном байв аа. Хэлж түвдээгүй хайрын үгс шиг, дуусгаж амжаагүй захиа шиг л төгсчихлөө. Яагаад ч юм төгсгөлөөс нь эхэлж тэмдэглэл бичмээр санагдлаа.


ТӨГСГӨЛӨӨС ТӨРСӨН БОДОЛ

Гаадан Янжинтайгаа заяа төөрөг холбох болов уу?, Хангинахын шугуйд цугласан харваачид төрийн эргэлтийн их үйл хэрэгт гар бие оролцож, улсынхаа ирээдүйн төлөөх тэмцлийн  хараа нь хурц, оноо нь мэргэн байж чадах болов уу?

Шагайн харваа нь гар хурууны эвсэл байхаас илүүтэй бясалгал, оюун санааны спорт юм байна гэдгийг ойлгож тунгааж уншлаа. Шагай харваж сурах нь зөв хүн байхад суралцдаг өвгөдөөс өвлөсөн их ухаан, түүхт сургааль болохыг үйл явдлын холбоос, хэрчлээс бүрээс ухаарлаа. Шагайн тойром үүсгэн наадах нь уул усны эзэн савдагийг баясгах эртнээс өвлөсөн ёс заншил байжээ. Уухайн түрлэг нь хүртэл өөрөө сүнслэг чанартай байдгийг, уухай хадаах дуунаас оноо мэргэ таарч, үйл заяа тэгширдэгийн учир зангилааг эргэцүүллээ.

СЭТГЭЛ ГЭДЭГ СЭМЭРЧ Ч, СЭРГЭЖ Ч БОЛДОГ

Намхай аваргын Думааг гэх сэтгэл, Гааданы Янжинд тэмүүлэх хүслээр төлөөлүүлэн санасны зоргоор уулзан учирч, заяа холбох эрхгүй цаг төрийн ороо бусгаа үеийг дөвийлгөн дүрсэлжээ.

“Энэ амьдралд чиний сэтгэлтэй хүн чамд хайртай байхаас илүү дээдийн учрал тохиол үгүй. Тийм жаргалыг ямар ч учрал тохиол дийлэхгүй...”

Сэтгэл гэдэг сэмэрч болдогийг Манжийн хааны гарт цаазлуулсан балчир хүүгийнхээ толгойг царан дээр тавиатай нь бариад босго давах Чин Ван Ханддоржийн байр байдлаас төсөөлөхөд уй гуниг нөмөрнө. Үрээ алдсан эцэг хүн чухам юуны төлөөсөнд хүүгийнх нь амь тасарсныг бодон хатуужиж, хожим хойшид өөр аавын хүүхдүүдэд ийм түүх давтуузай хэмээн сэтгэж, эх орныхоо ирээдүйн төлөө их үйлсэд ханцуй шамлан орох зориг зүрхийг шагайчдын уухайгаас авч буйгаар дүрсэлсэн нь бахдам.



БҮХ ЗҮЙЛ ХООСНООС ЭХТЭЙ


Хоосон гэдэг нь өөрөө хэзээ ч хувирч халирч болох хий төлөвийн тухай ойлголт болохыг маш углуургатайгаар өгүүлэх үйл явдлууд хөвөрсөн нь хамгийн сэтгэл татам байлаа.

Эрхэм дээд шүтээн, сахиус ч гэсэн хүний оюун бодлоос үүдэлтэй хоосон зүйл болохыг мөн чимхлүүр шигтгэжээ. Гаадан оноо төөрөх болсон шалтгаанаа сахиусаа бутлан хагалснаас үүдлээ хэмээн сэтгэж, тэр бодлоо даган ухаан санаа нь төвлөрч үл чадна. Харин Дандар аграмба түүний үнэнчээр шүтсэн оюун бодол, итгэл үнэмшил нь хоосныг биетээр бүтээж чадсаныг ухааруулан учрыг тайлна. Чухамдаа сэтгэл хиргүй байж гэмээнэ шагайн харвааны оноо мэргэн байхын эх үндэс болдог юм байна.

“Хоосон гэдэг нь чухамдаа юу ч байхгүй гэсэн үг биш харин бүх зүйл өөрчлөгддөг, аливаа зүйл тогтсон нэг мөн чанаргүй гэсэн утгын тухайтад ойлголт юм.”

Хаант төрийн сэнтий унаж, дахин өөр төр сэргэж болохыг, түүх хүртэл эргэж хувирч, дэг жаяг улирч өөрчлөгдөж болдогийг хоосон чанарын хий төлөвөөр төлөөлүүлэн илэрхийлсэн мэт.

ӨВ СОЁЛ БОЛ ЭХ ОРОН ЮМ

Эх орон оршин тогтнохын эх үндэс нь өв соёл болохыг илүү ихээр эргэцүүлсэн өдрүүд байлаа, энэ номыг уншсан өдрүүд. Уул усны нэршил нь хүртэл шүлэг шиг, уугуул хууч домог нь үлгэр шиг эх орон минь гэж дотроо бодон бясалгаж уншлаа.

Хангинахын шугуйгаас эхэлсэн шагайн наадгай түүхийн хангинах эрчлээс болж, олон эрсийн эх орныхоо төлөө босох их тэмцлийн эхлэл цэгийг үүтгэсэн нэгэн түүхийг энгүүнээр хүүрнэж, эвлэгхэн урсгаж бичсэн нь шинэ цагийн уран зохиолд өнгө нэмэх мэт урамтай, уншууртай байлаа. Залуу уран бүтээлч Ц.Гончигын 2025 онд олны хүртээл болгоод буй “Тойром” романы удаах боть уншигч олноо удаан хүлээлгэхгүй мэндлэх болтугай.



2025.12.02
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 01:55 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax