
Би өөрийгөө намарт дургүй гэж боддог байлаа. Учир нь хүйтнийг, даарахыг юу юунаас илүү үзэн яддаг болохоор, намар надад удахгүй хүйтэрнэ, тэгээд өдөр бүр даарна гэх уйт хүлээлтийг мэдрүүлдэг болохоор таатай санагддаггүй байлаа. Гэтэл ертөнцийн өөр тивд ирээд налайсан урт намрыг үзээд бодол минь хэрхэн өөрчлөгдөхийг харан гайхаж сууна.
Намрын илчээ гээж буй бүүдгэр нарны туяа, эргэлдэн хийсэх алтан шаргал навчис нь тайтгарлыг мэдрүүлж, урт амьсгаа авч, өөрийнхөө тухай эргэцүүлэх бол...Намар хүн өөрийнхөө бодлын гүнд илүү шигдэж, мухрынхаа мухраас өөрийгөө эрж олох гэж тэмтэрдэг юм шиг.