2020-03-11
Үүрээр бичсэн зурвас

       
           Шөнө дундын хонх цохилоо.

      Цонхны дэргэдэх намхан буйдан дээр өвдөгөө тэврэн суух эмэгтэй сул хаясан үсээ тээршаан хойш шидлээд цаг руу өнгийв. Энэ цаг л түүнд үнэнч нөхөр болдог. Тэр хэзээ ч худлаа явдаггүй. Бас ямар нэг зүйл амладаггүй. Энд анх айл болж ирэхэд ээжийнх нь өгсөн хананы бор цаг 2 жилийн хугацаанд нэг ч удаа зогсоогүй. Цагийн зүү үргэлж завгүй ажиллаж, 12 цагт огтлолцоход сурсан ёсоороо хонх цохиж чимээ өгнө. Ингэж л түүнд амьдрал үргэлжилж байгааг, агшин хором урссаар байгааг сануулсаар ирсэн энэ цаг өнөөдөр хэтэрхий удаан яваад байх шиг бүсгүйд бодогдов. Ахиад л ирэхгүй нь ээ. Анх ханилахдаа түүнд амласан бүх үгс нь одоо ямар ч үнэ цэнэгүй болсныг бүсгүй бодож нөхөртөө гомдоно.

        Шөнө дундад утасны сэрүүлэг дуугархад залуу нойрноос сэрэв. Явах цаг болжээ. Одоо эхнэр нь түүнийг хүлээгээд нүдээ чилтэл харуулдаж суугаа даа. Уг нь тэр эхнэртээ хайртай. Гэхдээ яагаад ч юм энэ бүсгүйтэй учирснаас хойш өөрийн мэдэлгүй эхнэрээ хуурдаг болчихсон. Бүр дэргэдээс нь холдмооргүй санагдаж, алдаагаа дахин давтахдаа ч харамсахгүй болтлоо татагдахдаа эхнэртээ худал хэлж энэ бүсгүйн өвөрт шөнийг өнгөрүүлсэн мөчүүд одоо тоогоо алджээ.

           Хань болсон ханын цаг шөнийн 01 цагийг заахад бүсгүй тогтож сууж чадахаа болив. Одоо л ороод ирнэ гэсэн хүлээлт зүрх догдлуулж, яаран босч хоолоо халаахаар цахилгаан зуухаа асаав. Хоол халлаа, ахиад хөрлөө... Тэр ирсэнгүй. Утас нь холбогдохгүй гэсэн хариултыг өгсөөр шөнийн 02 цагтай золгов. Зүрх түргэн цохилсон хэвээр. Тэр буйдан дээр нэг ч хором суухгүйгээр холхисоор бүтэн цагийг өнгөрүүлсэнээ ч анзаарсангүй. Нөхрийгөө өөр бүсгүйтэй байгааг мэдэх ч яах учраа үл олно.

     Гомдоохгүй гэж амласан уруулаараа өөр хүнийг үнсэж, хайрлана гэж тангаргалсан хуримын бэлзэгтэй хуруугаа хэн нэгнийг энхрийлэн тэврэхдээ хожмын тухай эргэцүүлэн бодох сэхэл залууд байсангүй. Гэхдээ тэр насан туршдаа энэ бүсгүйг тэврэн хэвтэхгүйдээ дэндүү итгэлтэй байв. Түүний бодолд буусан ганцхан зүйл бол ахиад л нэг арга сэдээд эхнэртээ худал хэлчихэж болно гэж сэтгэв. Үргэлж л хэлсэн үгэнд нь итгэж, үнэнч байж чаддаг түүний эхнэр хорвоогийн дэндүү цайлган сэтгэлтэн юм шиг санагдахад өөртөө гэмшинэ. Гэхдээ л тэр энэ шөнө ахиад харихгүй байх сонголтыг хийлээ.

          Хөшигний завсраар үүрийн цэгээн туяа тусахад бүсгүй үзэг цаас авч зурвас бичихээр шийдлээ. Бичих зүйлээ харж чадахгүй болтол нулимс мэлмэрсээр. Тэгээд насан туршдаа хамт байна гэж өөртөө амласан, бүдэрч алдахад нь тус дэм болж дэргэд нь түшнэ гэж итгэлээ өгсөн хамгаас хайртдаа хаяглаж гурван өгүүлбэр бүхий тодорхой зурвас бичлээ. Дараа нь хувцасаа эмхэлж, сэтгэлээ цэгцлэхээр шийдэв.

           Өглөөний нар уулсын цаанаас таллан мандахад залуу гэрийнхээ зүг алхав. Өглөө бүр яг цагтаа ирж, найз охиныхоо гэрийн гадна хүлээж зогсдог хүү өнөөдөр харагдсангүй. “Арай эрт ирээд явчихаж, эсвэл өнөөдөр хичээл нь орохгүй юм болов уу. Нэг бол найз охин нь өөр тийшээ нүүчихэж дээ” гэж залуу элдэв зүйлийг хоромхон зуурт гүйлгэн бодоод эхнэртээ юу гэж худлаа хэлэхдээ бэлтгэж өөртэйгөө ярьсаар гэртээ орлоо. Хаалгаа алгуурхан нээж, гутал хувцасаа тайлаад, өөрийгөө ирсэнийг эхнэртээ мэдэгдэхээр чанга дуугаар шүгэлдэж, бэлдсэн үгээ сандралгүйгээр ярих төв царай гаргасаар унтлагын өрөөг зүглэв. Дараа нь зочны өрөө, эцэст нь гал тогоонд орлоо. Гэр эзгүй байжээ. Харин хоол нь халуунаараа байлаа. Хичнээн оройтож ирсэн ч сайхан халуун хоолоо бэлдээд, гомдол хурсан, үнэнийг эрсэн харцаараа бүлтийтэл ширтэж суудаг хань нь алга. Тэр хөөрхөн харцыг хэзээнээс хуурч эхэллээ. Тэр харцанд хэзээнээс цөхрөл, гуниг хурах болсон билээ. Залуу ийн бодохдоо ширээн дээр нугалсан цаас байхыг олж харав.

“Гараа гаргаж, нулимсаа шингээж чамд зориулж хийсэн сүүлийн хоол энэ байг. Миний хоолыг нулимстай хутгаж идмээргүй байвал чи надаас яв даа. Чиний хайрыг дутуу харж, буруу ойлгосон гэвэл би эндээс явлаа.”

Хөрж амжаагүй хоолыг нүдэндээ нулимстай амсахдаа тэр ахиад хэзээ ч ийм зүйл болохгүй гэж өөртөө амлаад, эхнэрээ авч ирэхээр гэрээсээ яаран гарч гүйлээ...

Маргааш нь өөр нэг бүсгүй эхнэртэй залуугийн ирэхийг хүлээж, ханын цагийг харж гэгэлзсээр үүр цайлгав...

Бичсэн: Боргоцой | цаг: 16:20 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax