2020-3-12
Өвлийн симпони /Канадын тухай тэмдэглэл-1/

 Эргэн тойрон нам гүмхэн атал их аниргүйн дунд нүргэлэх мэт чимээ алсаас сонсогдоно. Мөсөн гадаргуу тогтсон явган хүний замыг даган алхсаар хүрэх газраа ойртоход өнөөх нүргэлээн их усны чимээ болохыг ойлгуулах гэсэн мэт нүднээ сүрдэм зураглал тодров. Хаврын эх гуравдугаар сард жавар хайрч, хүйтэн салхи хацар алгадна. Жавар салхийг эс анзааран алмайран бишрэх мэдрэмжиндээ илүү автсан нь дэлхийн гайхамшигуудын нэг Ниагар хүрхрээний татах хүчтэй холбоотой. Гараа гаргаж зураг дарах төдийд л хуруу хайрагдам тийм хүйтэнд их усан тэнгэрээс буух мэт асгаран байх. Эсрэг тэсрэгийн туйл гэмээр ийм өвөрмөц байгалийн тогтоцыг харан харан биширмээр. Эргэн тойрон битүү мөсөөр хучигдсан энэ газарт жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй. Гэхдээ гадаа удаан зогсохын аргагүй жавартай байх тул хүлээн авахын үүдэнд жаахан дулаацаад буцаж гарч зураг авхуулахаар хүмүүс холхилдоно. Ингэж л би анх Ниагар хэмээх нэрийг нь сонсож, барааг нь зурагт сэтгүүлээс харж байсан хүрхрээг биеэр үзлээ. Үлгэрийн гэж үүнийг л хэлэх байх. Хүрхрээ 53 метрийн өндрөөс нэгэн хэмнэлээр бууж алгуурхан урсана. Төсөөл дөө, нэг гэж хэлэх зуурт л 1800 тонн ус доош урсдаг гээд...

Торонтогоос жуулчдын автобусаар 120 км яваад үзэсгэлэнт Ниагарт хүрнэ. Канадын Онтарио муж, Америкийн Нью-Иорк мужийн дунд орших хилийн зааг энэ хүрхрээ нэгэн цагт Монгол, Хятадын хилийн зааг болж байсан Цагаан хэрэм лугаа санагдаж билээ. Канад, Америкийн аль аль талаасаа харагддаг учраас Ниагар хүрхрээг үзэх хүсэлтэй жуулчид энэ хоёр улсын алийг нь ч зорих боломжтой. Гэхдээ Онтарио талаасаа илүү сайн харагддаг гэх. Гайхамшигт хүрхгээг харах гэж жилд ойролцоогоор 30 мянган жуулчин ирдэг байна. Тэдний дийлэнх нь дотоодын жуулчид байх бол багагүй хувийг Америкийн жуулчид эзэлдэг. Энэ тоо жил ирэх бүрт өсч байгааг ч дурдах хэрэгтэй.

Ниагар хүрхрээг харах, сонсох мэдрэмж хүнд асар их тайвшрал, тэмүүлэл, эрч хүчийг өгөх нь бахадмаар. Миний л хувьд сэтгэл доторх таагүй бодлууд ул мөргүй замхарч, ирээдүйн тухай гэгээн мөрөөдөлтэй буудалдаа буцаж очсоноо сайн санаж байна. Гуравдугаар сарыг дуусан дуустал сэтгэлд тэр л нүргэлэм атал амар амгаланг бэлэглэгч ер бусын симпони уянгалж, эргэн дурсах төдийд төсөөллийн орон зайд хөвсөөр дараа нь заавал зун ирнэ гэсэн бодолтойгоор нутгийн зүг жолоо залж билээ. 

Бичсэн: Боргоцой | цаг: 01:23 | аян замын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant