2020-3-13
Гоё мэдрэмж...

         Ажлаа тараад микрод явж байлаа. Арын суудалд надтай зэрэгцээд нэг ах, жаахан охинтойгоо сууж байв. 50 эргэм настай гэмээр намбалаг ах 1-р ангийн бололтой сэргэлэн охиныг юм ярих бүрт нь өхөөрдөж үнсэх юм. Би тэр хоёрыг ажаад инээмсэглээд явж байлаа. Охин аавдаа хандан "Миний цүнхний урд талд биеийн тамирын цамц бий. Халаасанд нь чихэр байгаа, аваад өгөөч" гэлээ. Аав нь ухаж байж чихэр гаргаж өгтөл бяцхан охин тэр чихрээ над руу сарвайж байна. Хичнээн хөөрхөн гээ, тэр үүдэн шүд нь онгорхой, час хийсэн тод яриатай сэргэлэн охин. Ингэж ахтай яриа дэлгэв. "Танай охин хэддүгээр анги вэ" гээд л эхэлсэн яриа дотны танил шиг үргэлжилсэн дээ.

       Ах хүү одоо 50 гарч яваа, өнөөх сэргэлэн охин анхных нь хүүхэд юм байна. 12 жил эхнэртэйгээ амьдраад хүүхэдтэй болоогүй, амьдралд гутарч, шантарч хааяа хатуу юм хүртдэг болсоор нэг мэдэхэд архинаас хамааралтай болчихсон явж. Тийм хүнд үед нь, 44 насанд нь анхны үр нь заяажээ. Одоо бас бяцхан хүүтэй, ам бүл 4-лээ болжээ. Охин минь миний амьдралыг тэгшлэх гэж ирсэн болохоор ах нь "амь" байдаг юм гэж үл таних, эртний танил мэт тэр ах ярьсан даа. Энэ хооронд хичнээн хугацаанд түгжрэлд явсаныг мартжээ. Амьдрал юутай баялаг вэ...

Бичсэн: Боргоцой | цаг: 11:34 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant