2020-03-18
Торонтогийн нэг өдөр /Канадын тухай тэмдэглэл-2/

     
   Хаврын эхний сар гарсан ч шинэхэн цас малгайлан бууж, таван дэлбээт далбагар навчыг дүрслэн сийлсэн хатуу хучилттай замыг норгон хайлна. Торонтод буудлын өрөөнөөс арай бага өртгөөр түрээсэлдэг орон сууц олон. Доторх тохижилт нь их энгийн бөгөөд тухтай. Ялангуяа гал тогоо нь хоол хийх бүх төрлийн иж бүрдэлтэй болохоор бэлэн юм худалдаж авахгүйгээр хоолоо хийгээд идчихвэл зардлаа хэмнэх боломжтой. Гэвч нэг сул тал нь өрөөнүүдэд тэнн асаахгүй л бол их жиндүү хүйтэн. Тиймээс жилийн энэ үед Торонтод очих бол дулаан хувцастай байх нь маш чухал юм байна гэж ойлгосон. Намар энд ямар байдаг бол. Агч модны том улаан навчис өнгө алаглан газарт хөглөрөөд ямархан үзэсгэлэнг бүтээдэг бол...

     Харин урин цагийн эх хэдий ч гуравдугаар сард Торонто цас ихтэй байдаг учраас эндэхийн хүмүүс арьсан гутал өмсөхийг хатуу хориглох нь аргагүй. Нойтон цасанд гутал үнэхээр тэсэхгүй юм билээ. Хаана ч явсан сэтгэлд дотно нэг зүйл нүдэнд тусах нь өгүүлж эхлэхдээ л дурдсанчлан агч модны улаан навч. Канадын төрийн далбааны бэлэг тэмдэг уг навчийг дүрсэлсэн юм бүхэнтэй алхам тутамд таарна. Надад хамгийн их таалагдсан нь энгэр дээрээ агч модны навчтай хөргөгчин дээр наадаг бяцхан Тэди бамбарууш. Бас далбагар улаан навчтай том алчууран ороолт. Тэр ороолтыг нуруундаа тохоод зураг авхуулахад хамт явсан ах маань “Канадын төрийн далбааг аваад нөмөрчихөө юу” гэж тохуурхаж билээ.

     Монгол нутагт минь цас хайлж, хаврын урь орсон тул гэнэт эргээд өвөлд ирсэн мэт санагдаж, автобусны цонхоор эргэн тойрныг сонжиж явах нь надад соньхон. Канадын хамгийн том хот, Онтариа мужийн нийслэл Торонто хэзээд л ийм амар амгалан байдаг болов уу гэмээр нам гүмхэн, ард иргэд нь алгуур тайван, автомашинууд нь тэр бүр түгжрэхгүй. Харин нүдэнд туссан нэг зүйл нь хаа сайгүй л орон гэргүй хүмүүс таарах. Цагаачдын өлгий нутаг гэгдэх Торонтогийн гуйлгачин, ядуучууд нь үнэн тансаг хэрэглээтэй. Манайд гудманд гуйлга гуйдаг хүмүүсээс тэс өөр, их цэмцгэр гэж хэлвэл онох ч юм уу. Хотын төвийн гудамж бүрт л таарах орон гэргүй хүмүүс бүгд аяны гудастай, тод өнгийн хөнжил нөмөрсөн байх агаад зарим нь бүр хөл хөдөлгөөнийг эс анзааран хөнжилдөө орж, соруултай ундаа уугаад хэвтэж харагдана. Яг л өөрийнхөө гэрт буйдан дээрээ зурагт үзээд сууж байгаа мэт тухлах нь хачин. Хөгжилтэй орон хотын ядуус нь хүртэл ямбатай, цэмцгэр байдаг юм болов уу даа. Торонтогийн нэг өдөр ажин түжин.

Бичсэн: Боргоцой | цаг: 14:25 | аян замын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax