2020-3-30
Цагаан хэрэм дээрх сэтгэгдэл /Хятадын тухай тэмдэглэл-1/

   Зуны нэгэн нарлаг өдөр хар, шар холилдсон гадаадын 100 гаруй жуулчинтай автобус Бээжингээс их цагаан хэрмийн зүг гэлдэрч явна. Уг нь эрт гарсан боловч амралтын өдрүүдэд дотоодын жуулчид их байдаг тул хэрэмд хүрэх зам битүү түгжрэл. Манайхаар бол наадмаар Соёолонгийн тоос үзэхээр Хүй долоон худаг явах замтай адил гэж зүйрлэмээр юм уу даа. Гадны олон жуулчин нэг дор байгаа тул Цагаан хэрэм үзэх аяллыг Даваа гаригт хүн цөөтэй үед байхаар товлосон ч  тухайн өдөр нь бороотой гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ сонсоод хуваариа өөрчлөн ийнхүү зүтгэж яваа нь энэ. Вьетнам, Украин, Сомали, Колумби, Венесуэл, Нигери, Кени гээд олон улс орны төлөөлөл суусан энэ автобус Бээжинд нэг сарын сургалтад суухаар өөр өөрийн улсаас томилогдож ирсэн хүмүүс. Цагаан хэрмийн аялал тэдэнд нэн сонирхол татахуйц байгаа бололтой байс гээд л одоо дөхөж байна уу, буугаад алхая гэцгээнэ. Ид халуун нар шарж байсан тул сэрүүн автобусандаа байсан нь илүү оновчтой гэж хөтөч тайлбарлана. Ингэж явсаар ашгүй нэг юм зорьсон газартаа ирлээ.

   Үд дундын нар зулай дээрээс төөнөх ч үзэж харах хүсэлдээ автсан жуулчид автбуснаас буунгуут цаг, байрлалаа товлоод хэрмийн олон салаа замаар таран зүг зүг рүү холхилдлоо. Монголоос би ганцаараа явсан тул хамтрагч хайхыг ч хүссэнгүй. Гэхдээ хаа ч очсон хамт нэг автобусанд яваа хүмүүстэйгээ дайралдсаар явлаа. Тэд намайг харуутаа л “Чи чинь Монголоос ирсэн биз дээ, танай нутаг одоо энэ хэрмийг даваад л бий юу?” гээд шалгааж гарна.

   Цагаан хэрмийг анх үзээд яаж үүнийг барьж байгуулдаг байна аа гэж уулга алдам ч ажаад жаахан зогсохнээ нээрэн л ийм нүсэр хамгаалалтыг бариулж асан Монгол угсаатнууд ямархан хүчирхэг байгаа вэ гэж сэтгэл бахдам юм билээ. Уул хадыг эмжиж, хаяа хязгааргүй мэт үргэлжлэх асар урт, аугаа том энэ хана хэрэм хэрвээ ярьдаг сан бол юу өгүүлэх бол. Тэнгэр, газрыг холбох хөвөөлсөн эмжээр лугаа олон салаа хэрэм урьд салангид тусдаа байжээ. Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди нийтийн тооллын өмнөх 220-206 оны хооронд Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар хоорондох зайг нь бөглөж уртасгасан гэдэг. Голчлон шавар, чулуугаар барьсан 8,851 км урт хэрмийг барьж байгуулах явцад 2-3 сая хүн нас барсан гэсэн судалгаа байдаг. Хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшгуудын нэг гэж хэдийнэ хүлээн зөвшөөрсөн, өдөр шөнө, улирал харгалзахгүй сая сая жуулчин хөлхөх их хэрэм эдүгээ соёлын үнэт дурсгал, түүхийн арилшгүй гэрч болон үлджээ.
   Их хэрэм дээрээс хараа чилээн зогсоход их түүхийн харгуйгаар аялаад байх шиг төсөөлөлд умбана. Үргэлжлэл нь үл тасрах мэт уртын урт чулуун хэрмийг холбох цайзууд алхахад хөл цуцам алсын алсаас жирийн  цайрна...

 

Бичсэн: Боргоцой | цаг: 06:35 | аян замын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant