2020-4-5
ХҮНЧИН /номын тэмдэглэл/

Та 18 жилийн дурсамжаар 25 жил амьдарч чадах уу?

Энэ бол хэн нэгний хорвоо дэлхийд мэндэлж хүний ёсоор амьдарсан хугацаа. Ердөө 18-хан жил. Гал халуун дурлалдаа шатаж, жинхэнэ хайраа олсон гэж сэтгэлдээ дүүлэн ниссэн, сурч боловсрохын их үйлсэд шамдаж явсан идэр залуу 18 нас. Гэвч алдаа гэдэг хүний нас зүс, ирээдүй хойч хийгээд өнгөрсөн улирсаныг ч харгалзалдаггүй ажээ. Гэнэтийн үйл явдалд цочирдсон уур бухимдал, хэдхэн хормын буруу үйлдэл... Эргээд сэхээрэхэд бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн байх. 25 жил хатуу дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн харанхуй өдөр...

Хүн эрх чөлөөтэй амьдарч байхдаа эрх дураараа байгаадаа талархаж, хэзээ ч хүссэн газартаа очиж, хүссэн хүнтэйгээ уулзах боломжоор дүүрэн байдагтаа баярладаггүй бололтой. Бороог алгаараа тосоод удаан зогсох, салхи энгэр заамаар орж бие жирвэлзүүлэн жиндүүлэх, нар ээхийг нүдээ аниад биедээ шингээх... Хүний өдөр бүрийн амьдралд тохиолдож л байдаг амьсгалах, алхах, харах, хүртэх бүхэн хичнээн үнэ цэнэтэй болохыг хэзээ ч амталж, ахин мэдэрч чадахгүй болсон үедээ л хүн дэндүү ихээр ухаарч, харуусч бас халагдан дурсдаг санж. Идэрхэн насандаа хайртай бүсгүйгээ хамгаалах гэж хоёр хүний аминд хүрч насан туршдаа нарсанд суух ангал руу хөл алдсан хөөрхий эрийн түүхээр “Хүнчин” романы гол дүрслэл илэрхийлэгдэнэ.

Нутаг усандаа нэртэй, бэл бэнчинтэй хөгшиний удам залгах ганц зээ хүү нь болох Алдар өвөөгийнхөө гэнэтийн үхлээс хойш өөрийг нь гэх ганцхан л хүнтэй үлдсэн нь Асгат нутгийн бүсгүй байлаа. Гэвч амьдралд хөл алдсан аймшигт өдрөөс хойш шоронгийн хүйтэн хананаас өөр түүнд хань болох хэн ч үгүй гэдгийг зүрх сэтгэл, яс махаараа мэдэрч уртаас урт ялын хугацаагаа гэтэлгэсээр... Орос улсад нэг жил сурахдаа тэвчихийн аргагүй ихээр санаж, ганихарч асан энэрэлт өвөө, хайрт бүсгүйтэйгээ уулзаж, Асгат нутагтаа ирсэн жаргалтай мөч бол түүний нарыг үзэж чадахгүй өнгөрүүлсэн он жилүүдийг үдэхэд тусалсан хамгийн сайхан дурсамж нь байлаа.

Нөгөө талд Төмөрсүх хэмээх шоронгийн харгалзагч эрийн аж амьдрал өрнөнө. Алдар, Төмөрсүх хоёрын ертөнц тэс өөр ч тэднийг нэгтгэх ямархан нэгэн сэжмээр холбогдсон, байж боломжгүй ч байлгаж чадсан үнэнч андууд. Алдар насан туршдаа хэзээ ч ирэхгүй хэн нэгнийг хүлээж гаславч ганцаардалтай тэмцэнэ. Харин Төмөрсүх хүүхэдтэй болохыг хязгааргүй ихээр хүсэвч хясахын зовлонд тарчлах цөхрөлтэй тэмцэнэ. Танхилхан насандаа учирч арав гаруй жил хамт амьдарсан ч мэндэлсэн үр нь тогтдоггүйн хагацалд ханатлаа шаналсан Төмөрсүхийн гэргий Дулмаа энэ бүхнийг эцэс болгохын тулд гэрээсээ явна. Олон жил бие биедээ уусан ханилсан хосууд хоёр талд хичнээн их шаналавч, хэн хэнийхээ жаргалын төлөө эргээд тэмүүлэх хүслээ хорих их хайрыг ч энд тод дүрсэлжээ...

Дурсамжаа нэрж хороосон нарсан дахь арван найман жил оршин байгааг нь мартуулах хүртэл ховсдож, Алдар өөрөө ч мэдэлгүй өөрчлөгдөж, араатан шиг авиртай адгийн амьтан болон хувирч байлаа. Яг ийм үед Алдарын цээжинд үлдсэн бүдэгхэн гэрлийг тодруулж, түүний хайрт Асгатын бүсгүй эрийн цээнд хүрч буй хүүг нь дагуулан эргэж ирнэ. Ингэж алдарын зүрхэнд ахиад 100 жил болсон ч цөхрөмгүй их итгэл найдвар асна. Гэлээ ч тэр шоронгийн нааран дээр өнгөрүүлсэн 25 жилийн дараа хүү дээрээ, хайрт бүсгүй дээрээ очсонгүй. Харин Төмөрсүхийг тэтгэвэртээ гарахад Алдар нэгэнтээ эргэн ирж, түүнийг хүн хүнээрээ байхыг амьдралд заасан “Хүнчин” гэгч мэргэжилдээ эзэн байсанд нь баяр хүргээд буцжээ.

Алдар өөрийг нь үгүйлэхгүйгээр хөвөрсөн он жилүүд, түүнийг санахгүйгээр өрнөсөн аж амьдрал нэгэн хэвийн үргэлжлэхийг хараад огт мэдэхгүй, бас танихгүй өнгөрүүлсэн 25 жилийг хэрхэн нөхөх ухаанаа олсонгүй...

...Гэвч түүнгүйгээр хөвөрсөн он жилүүд түүнийг нэхэн үгүйлэх олон хүний нулимс, хүлээлтийн гэрч байсныг Алдар яахин мэдэх билээ. Алс холын Орос улсад хайртай залуугаа хүлээх тулгар гэдэстэй Аня бүсгүйн Алдарыг үдсэн өртөөнд өнгөрүүлсэн өдрүүд. Аня охиноо төртөл өртөөнд өдөр бүр ирж, харин охиноо төрсөний дараа өртөөний ойролцоо амьдрах болов. Харийн залууг насан туршдаа хүлээсэн үнэнч бүсгүйн гунигт дурлалын түүх эцсийн мөчид “аавыгаа олоорой” гэж охиндоо захисан сүүлчийн үгээр цэглэгджээ.

Асгатын өвөлжөөнд орь ганцаараа амьдрах өвгөн, чонод явахдаа хөлөө гэмтээж, хэдэн бээр газар мөлхөж оромжиндоо ирсэнээсээ хойш хүн бараадъя, хань олъё гэдэг бодол төрөх болжээ. Үхэх юмсан гэсэн бодлоор насан туршдаа амьдарсан хэр нь үхэлтэй нүүр тулахдаа амиа хамгаалах гэж өөрөөсөө гарамгүй их хүч тэнхээ гаргасандаа Алдар дэндүү гайхна...

Хэрвээ тэр өдөр Алдар өөрийнхөө биеийг газар тэнгэрт даатгаад, нүдээ аньж, биеэ үл хөдөлгөсөн л бол хожим түүний өвөлжөөний дэргэд машинтайгаа осолдсон 2 хүний амь нас мөн л үрэгдэх байлаа. Харин хэзээ ч, хэнд ч тус хүргэж байгаагүй хэр нь өвөөгийнхөө сургамжаар хандалсан ургамал өвсийг ашиглан хоёр ч хүний эрдэнэт амийг аварсандаа Алдар хязгааргүй ихээр баяртай байлаа. Санаандгүй тохиолоор зам нийлсэн хүүхэн, залуу хоёр ийн яваад осолдсон нь харин санамсаргүй тохиол биш байлаа. Тэд бол Алдарын төөрөлдсөн хүү, охид байсан юм.

...“Амьдрал хэмээх энэ богинохон аялалд бид хүн хүнээ төрүүлэх гэж, хайр хайраа бүтээх гэж ирдэг. Ингээд бодохоор бид чинь бүгдээрээ л “Хүнчин” юм шүү дээ” гэж итгэлтэйгээр хэлэх Алдарын үнэнч анд Төмөрсүхийн олон хүүхэдтэй болсон эцэг хүний жаргалтай үгээр зохиол төгсөнө.

Амьдрал бол тэмцэл. Өөрөө өөрийнхөө мөн чанарыг олох насан туршийн тэмцэл. Ирээдүйгээ ямар байхыг эс мэдэх ч амьд байхын тулд бүх хүчээ дайчлах тэмцэл. Өрөөлийн хайрыг даахын тулд өөрийгөө зохиослон байж бодол сэтгэлтэйгээ зөрчилдөх тэмцэл. Тэмцлийн эцэст ялалт ирдэгийг, хүлээсний хүчинд аз жаргал ирдэгийг бидний өдөр тутмын амьдралаасаа олж хардаггүй хэр нь тохиол нь элбэг байх тэр л жишээгээр үлгэрлэж, эхнээсээ дуустал тун өрнөлтөй бичигдсэн “Хүнчин” хэмээх 2 боть роман нь зохиолч Сэрээнэнгийн Сосорын анхны ном юм.  Романы нэгдүгээр боть 2013 онд, хоёрдугаар боть 2014 онд хэвлэгджээ.

Бичсэн: Боргоцой | цаг: 02:02 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant