2020-04-05
ЧАМТАЙ УЧРАХААС ӨМНӨ...

Me before you

Их Британийн зохиолч Жожо Моейсын “Чамтай учрахаас өмнө” /Me before you/ хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон уншигчийг байлдан дагуулж, уг зохиолоор бүтээсэн уран сайхны кино нь ч олны талархлыг хүлээснээр Луйза Кларк, Уилльям Трейнор нарын адармаатай бөгөөд гунигт хайрын түүхэнд уярахгүй хүн ховор болсон биз ээ. Алдарын оргил өөд тэмүүлж, ид гялалзаж явсан сайхан залуу автын ослоос болж гэнэт бусдын эрхэнд орж, зөвхөн үзэл бодлоо илэрхийлэхээс бусдаар юуг ч бие даан хийх чадваргүй болсон нь зохиолын хамгийн эмзэг өгүүлэмж. Уиллын дүрээр хүний дотоод мөн чанар, бусдын тухай үнэлэмж, өөрийн хайртай хүнийхээ ирээдүйг илүү тод гэрэлтүүлэхийн төлөө хийж буй үнэнч, тууштай зан чанарыг олж харна. Харин сайхан сэтгэлт Луйза хайрынхаа төлөө хийж чадах бүхнээ зориулах ч эцсийн мөчид эвлэрхийн аргагүй үнэнтэй нүүр тулж үүрдийн хагацлаар бүхнийг цэглэхэд хүрнэ.


After you

Эхний ботийг хүмүүс киногоор нь илүү сайн мэдэх тул Луйзагийн шинэ амьдралд тохиолдсон адал явдлыг өгүүлэх “Чамтай учирснаас хойш” /After you/, “Тэр л би” /Still me/ хэмээх удаах боть номуудын талаар өөрт төрсөн сэтгэгдлээ хуваарцъя юу гэж бодсон юм аа.

Буйдхан хотынхоо нэгэн хэвийн амьдралд нухлагдаж, өдөр бүрийг шинэ содон зүйлгүйгээр угтдаг асан Луйза Уиллтай учирснаас хойш ертөнцийг тэс өөр өнцгөөр харж эхэлсэн. Гэвч түүний сэтгэл зүрхэнд амьсгалах агаарыг нь хүртэл илүү чөлөөтэй тавьж өгсөн тэр л эрхэм хүн нь хорвоог өөрийн хүсэлтээр орхиж, Лу ганцаардлын харанхуй манан дунд төөрч будилан хоцорно. Хэдийгээр Уиллын хэлж, зөвлөснөөр амьдралаа шинээр эхлүүлэхээр Лондон руу нүүж ирдэг ч түүний гашуудал цөхрөл огт тайлагдсангүй. Яг энэ үед нэгэн сонин тохиол учирч, Уиллын охин гарч ирнэ. Зохиолын адармаат энэ хэсэгт Лу тагтан дээрээс хөл алдаж унаснаар эмнэлэгт ухаан орно. Ингээд л түүний Лондон дахь шинэ амьдралын гацаа түгжээ тайлагдаж, гогцоо нугачаа үргэлжлэх нь тэр. Хамгийн сонирхолтой нь Лу байшин дээрээс унахад анхны тусламж үзүүлсэн түргэний эмч залуу Сэмтэй дурлалын романс үүсгэнэ. Үндсэндээ зохиолын өрнөл, төгсгөл хэсэг тэр чигтээ
Стиг Ларсоны “Millennium” цуврал шиг гэнэтийн адал явдлаар дүүрэн үргэлжилдэг тул надад номын хоёрдугаар боть нь нэгдүгээр ботийг үргэлжүүлэх гэж хэт ядсан санагдсаныг нух юун. Лу хосуудын маргаанаа цэгцлэх цагаа буруу тооцоолсноос болж Сэм дуудлагатай байх үедээ буудуулж хүндээр шархадсанаар адал явдалд нэг юм цэг тавина. За ингээд үндсэндээ Луиза маань найз залуутай болсноор зогсохгүй Уиллын нууц охиныг эмээ, өвөөтэй нь уулзуулснаар амар сайхандаа жаргах юм.

Still me

Өө үгүй дээ, амар сайхандаа жаргах цаг арай болоогүй юм байна. Лу маань ахиад л шинэ орчинд шинэ амьдрал эхлэхээр шийджээ. Гуравдугаар боть Луиза Нью Йоркд очсоноор эхэлдэг. Уиллын дасгалжуулагч багш байсан, хуучны танил Натан хэмээх залуу Лу-д өндөр цалинтай, сонирхолтой ажил санал болгож, зуучилж өгснөөр энэ бүхэн эхэлнэ. Гэхдээ юм бүхэн Натаны хэлж байсан шиг амар, хялбар байсангүй. Нью Йоркын хөл хөдөлгөөнтэй амьдралын хэмнэлээс гадна, язгууртан дээдсүүдийн дүр эсгэсэн амьдрал дунд хөвж орох нь тэр. Энэ хооронд Лу, Сэм хоёр хосуудын хувьд туулж барахад хамгийн хүнд сорилт болох алсын харилцаагаа аварч үлдэхийн тулд багагүй саад бэрхшээлийг туулах шаардлага гарч ирнэ. Гэвч үнэхээр давж гарч чадах болов уу? Бие биенээ алсаас санаж мөрөөдөх ч дэргэд байхгүйн гуниг, хардаж харамлахын гачлантайг эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогоор ихэд тодорхой дүрсэлсэн нь сэтгэл уярам. Луиза нэгэн баян айлын эзэгтэйн хувийн туслах хийх боловч хэтэрхий үнэнч байсныхаа төлөөсөнд хулгайд сэрдэгдэн ажлаасаа гэнэт халагдсанаар зохиол өрнөнө. Таньж мэдэхгүй их хотод ажилгүй, орох оронгүй, найз залуутайгаа муудалцсан байх хүнд үед нь Луизад Нью Йоркд аль хэдийн хөлөө олсон нэгэн залуу тус болдог. Царай төрх, гаднах байдлаараа Уиллтай дэндүү төстэй тэр хүнд Лу татагдахгүй байж чадсангүй. Гэвч “Зөгийн хээтэй трикогоо бахархалтайгаар өмс” гэсэн Уиллын сэтгэл гийгүүлэх үзэл тэр залууд байсангүй. Харин өмнө нь санамсаргүй тус хүргэж байсан нэгэн эмэгтэй Луизад хүнд үед нь дэм болж, тэрээр шинэ хотод ахин хөлөө олж эхэлнэ. Хожим Сэмтэй эргэн холбогдож, бүхнийг шинээр эхлэх зам олсноор зохиол төгсдөг юм.

Надад сүүлийн боть илүү романтик хэмнэлдээ нийцжээ гэж бодогдсон. Мэдээж нэгдүгээр ботийг гүйцэхгүй ч хоёрдугаар ботиосоо хавьгүй илүү юм гэж өөртөө дүгнэсэн. Эцэст нь хэлэхэд Жожо Моейсын зохиол тэр чигтээ эмэгтэйчүүдэд зориулагдсан бичвэртэй тул эрэгтэй хүмүүс түүний номыг шимтэн унших нь юу л бол. Харин бүсгүйчүүд дээр өгүүлсэн гурван ботийг тун тааламжтайгаар уншдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Бичсэн: Боргоцой | цаг: 20:29 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax