2020-4-15
Баруун Хятадын нутгаар /Хятадын тухай тэмдэглэл-3/

Нингшиа мужийг зорих аялал автобусанд хэдэн цаг үргэлжилсний эцэст говийн элсэн дээр цэцэг, мод ургуулсан өвөрмөц төрх нүднээ торох нь тэр. Элсэн цөлд амьдрал бүү хэл аялал жуулчлал цэцэглэж байгааг эндээс харж болно.

Нингшиад ирсэнийх Хятадуудын түүхэн кино бүтээдэг бүс нутаг болох “China west film studio”-г үзэх хэрэгтэй.  “China west film studio” /Хятадын Барууны кино студи/ нь балар эртний аж амьдрал, байгалийн унаган төрхийг хадгалан үлдсэн кино зураг авалтын барууны төв цэг гэж үздэг. Долоодугаар сарын нар шарсан халуун өдөр зорьсон газартаа ирмэгц арслан зааны гэлтэй том ясан хэрэм өмнө минь тэхийн хөндөлсөж, агуйн аман дээр авласан ангаа янзалж буй гэрийн эзэнтэй ч таарав. Гүний худгаас өлгөгдөн гарах ус оньсон эргэнэгт түлхэгдэж агаарт хэдэнтээ цацрах нь сэрүү татам. Нэг бөхтэй тэмээнд ачаа тээшээ ганзагаласан этгээдүүд зөрөн өнгөрөх нь сүрдэм. Энд эртний амьдрал өдөр харгалзахгүй өрнөж байдаг гэлтэй сонин содон. Он оны түүхийг өгүүлэх гудамж талбайн нэгээхэн хэсэгт кино зураг авалт ид өрнөж, тэр гудам руу жуулчдыг явахыг хориглосон хязгаар тогтоосон нь харагдана.

Нингшиа мужийн Ичуан хотоос баруун хойш 35 км зайтай оршдог энэ нутаг өмнө нь Мин гүрний /МЭ 1368-1644 он/, Чин гүрний /МЭ 1644-1911 он/ үед хилийн цайз байсан гэдэг. Харин өдгөө Холливүүдтэй өрсөлдөхүйц кино урлаг хөгжиж, жуулчдыг татах гол тулгуур болон өргөжжээ.  Энд 1980-аад оноос хойш бүх цаг үеийн 200 гаруй түүхэн кино бүтсэн байна. Энэ тоо жил ирэх бүрт нэмэгдсээр байгааг ч дурдах нь зүй. Тухайн кинонд зориулж цогцлоосон бүхэн яг л тэр хэвээрээ музей болон үлддэг учраас Хятадын түүхэн кинонуудад дурлагчдын хувьд ёстой л үлгэрийн орон гэж хэлж болно. Мэдээж дуртай киноныхоо баатрын дүрд хувирч, хувцас хэрэглэлийг нь өмсөөд зураг авхуулах, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах үйлчилгээний сонголт арвин. Таны үзүүлбэрийг богино хэмжээний кино шиг болгоод дурсгах үйлчилгээ ч энд бий.
 

Хэрэв Барууны кино студийг зорихоор төлөвлөж байгаа бол есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл шөнийн аяллын төслүүд идэвхиждэг гэсэн. Говийн уур амьсгал энэ сард илүү сэрүүн байдаг тул жуулчид хамгийн их аялдаг үе нь байх. Ямартаа ч Хятадын баруун бүс нутгаар зорчиж байгаа бол заавал ороод гарах газрын нэг гэж жуулчлалын компаниуд санал болгодог юм билээ.

Үргэлжлэл бий...

Бичсэн: Боргоцой | цаг: 02:03 | аян замын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant