2020-04-23
ШИНЭ АМЬДРАЛ


Энэ удаад зохиолын утга агуулга, үйл явдлын тухай гэхээс илүүтэй номыг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Мэрсээр байгаад нэг юм уншиж дуусгалаа. Уншиж байхад нэг тийм сэтгэлзүйн хүнд байдалд ороод гарч чадахгүй арга ядан тарчилж буй мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Ганцаардлаас ангижрах хүсэлтэй ч ганцаардуулж байгаа бүхэндээ дэндүү дассан хуурмаг амьдралаас юу хүсэхээ мэдэхгүй болсон хүний ганихрал, гомдол, эрэл хайгуул, гуниг харуусал, сэхээрэл бүхэн номын хуудсанд шингэсэн мэт. Гол нь номын утга агуулга тэр чигтээ ямар нэгэн зүйлд бүхий л амьдрал, бие сэтгэлээрээ донтон дурлахын аз жаргал хийгээд аюулт нөлөөг өгүүлэгчээр төлөөлүүлэн гаргажээ.
Facebook, Instagram, youtube, twitter... цахим хэрэглээ амьдралын салшгүй хэсэг болсон энэ цагт нэг зүйлд хэт донтох, тэр донтон дурлагч нь бодит биш гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй болтол сэтгэлзүйгээ эзэмдүүлэхийн уршиг...
Хэдийгээр Орхан Памукийн “Шинэ амьдрал” номонд “Нэгэн өдөр нэг ном уншаад, тэгээд бүх амьдрал нь өөрчлөгдсөн” хэн нэгний тухай өгүүлж байгаа ч яг л бидний өдөр тутмын хэвшилдээ дарлуулж, өөрийнхөө дотоод сэтгэлийг харийн ямар нэг зүйлд өөрийн мэдэлгүй эзэмдүүлэн, тэр нөлөөнд хэт автан гүнд нь шумбан орохгүй гэхийн баталгаагүй ертөнцөд амьдарч буйг товойлгон гаргасан юм шиг санагдсан. Гэхдээ аливаа зүйлд итгэж үнэмших нь хүний амьдралыг хэрхэн өөрчилж, шинэ зорилго, хайр дурлал, адал явдлыг ургуулж болдог гэдгийг ч бас харж болмоор.

Зохиолын баатрын нэгэн өдөр уншсан тэр ном өөрийнх нь амьдралыг хүүрнэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлснээс хойш бүхий л насаараа зөвхөн номын ертөнцөд амьдрах боловч эцсийн мөчид хайртай бүхэн нь дэргэд нь байгааг мэдэрдэг. Үргэлж хөвөрч байгаа өдөр тутмын аж амьдрал нь ямар энгийн атал ирээдүйн гэрэл гэгээ дүүрэн болохыг мэдэрмэгц бушуухан гэртээ харьж эхнэр, охиндоо очихыг тэмүүлдэг. Урт удаан аяллын эцэст... Гэвч хүсэхэд хясахын заяа гэгчээр яг тэр мөчид номын баатар үл үзэгдэгч, ухаан бодлыг эзэмдэгч “Дагина” түүний сууж явсан автобусанд суусныг мэдмэгцээ бүх зүйл дахин номын үйл явдал руу эргэн очно. Юм бүхэн үл анзаарагдан давтагдаж байдаг амьдралын бас нэгэн нууцлаг оршихуй гэлтэй.


   Номын орчуулга маш сонирхолтой, ялангуяа үг сонголт болон хавсарсан нийлмэл өгүүлбэрүүдийн утга авцалдааг маш нарийн ур хийцтэй гаргасныг сонирхон сонжиж уншсанаа бас онцлоё. Тухайлбал, “...эрч муутай ачааны машин шиг ядруу бодлууд аахилан уухилан араа сольсоор, ухаан бодлын минь энэ холион бантан дундуур зүтгүүлсээр өнгөрнө.”  Эсвэл “...зүүгээр худаг ухах мэт тэвчээртэйгээр үүсгэсэн энэ холбоо, харилцааныхаа орооцолдооноор бахархан, амьдралд алдсан зүйлийнхээ төлөөсийг нэхэж авахыг хичээнэ”  гэх мэт.Алчуураар үсээ хуурайллаа гэдэг үгийг анх уншаад ингэж бичиж болно гэж үү, сонин сонголт өгүүлэмж юм гэж бодсоноо ч дурдая. Номыг Турк хэлнээс Г.Сугиррагчаа эрхэм орчуулжээ.
“Шинэ амьдрал”-ыг уншиж байхад өөртөө итгэх итгэл буурч, нэгэн хэвийн зүйлд хэт дадаж байгаадаа бухимдах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөөд байснаа уншиж дууссаныхаа дараа ойлгосон. Яг л “Анна Каренина”-г уншиж байхад ганцаардан гуниглаж, сэтгэл хямраад байсан шиг, “Лолита”-г уншиж байхад уур цухал төрөөд байсан шиг нэг тийм сэтгэл эзэмдэж урхидах увдист автаад байлаа.

За ямар ч гэсэн номыг уншиж дууссаны дараа буй байгаадаа сэтгэл дүүрэн байхын жаргал, хэтэрхий ихэд шунахгүй байхын ханамж, ирээдүйгээ бодитоор төсөөлөхийн давуу тал гээд олон зүйлийг эргэцүүлэх сэдэл төрлөө. Эрхэм номонд дурлагчид хэрхэн таалахыг хувь хүний сэтгэл зүйн онцлог л мэдэх байх даа.

 

Бичсэн: Боргоцой | цаг: 19:05 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Баярлалаа Сугиррагчаа :)
Ёстой гүрийгээд уншиж дуусгасан, Орхан Памукын "Цас" роман нь номын санд хэдэн жил боллоо, барьж авахаас бас халшраад байна шүү кк
Бичсэн: Боргоцой цаг: 10:32, 2024-03-19 | Холбоос | |


Баярлалаа.
Туркт хамгийн их зарагдаж, хамгийн бага уншигдсанаараа алдартай ном. Монголд багавтар зарагдаж, бүр бага уншигдсан байж магад. Гэхдээ л гүрийгээд уншиж дуусгасан хүмүүс мэр сэр гараад л байх юм. Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа. Хэзээ хойно сэтгэгдлийг нь уншсанд уучлаарай.
Бичсэн: Сугиррагчаа (зочин) цаг: 23:36, 2021-10-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax