2020-5-1
ШҮХЭР
   
    Бөөрөн дээрээ тод өнгийн бөмбөлөг хатгасан дэлгээтэй шүхэр бороонд хөсөр хаяж орхисон эзнээ хүлээн газарт норон хэвтэнэ. Уг нь энэ шүхэр яг одоо л хэн нэгэнд хамгийн их хэрэгтэй баймаар. Гэтэл шиврээ борооны дусал бүрийг өөртөө нэвчээн газарт унасан нь юуных вэ?...

    Энэ шүхрийн эзнийг би дэндүү сайн мэднэ. Шүхэр яагаад газарт хэвтэж байгаа нь ч надаас улбаатай. Анх дугуй унаж сурахад тусалсан хөгжилтэй хүү, цэцэгт туузаар үсээ гоёдог байсан бяцхан охины нөхөрлөл. Яг л ийм бороо шивэрсэн зуны бүүдгэр өдөр би хажуу орцны Намуун хэмээх даруухан шар охиныг гэрээс нь дуудаж гаргаад Баяраатай танилцуулж билээ. Тэр үед зүгээр л Баяраад ямар үнэнч болохоо харуулах гэж хичээсэн минь өнөөдрийн харилцааны үүрийг зассан юм. Тэр өдрөөс хойш Баяраагийн надад тавьдаг анхаарал халамж үгүйрч, хааяахан уулзахдаа Намууны тухай яриа өрнөсөөр салдаг болсон. Өнөөдөр яагаад ч юм тэр өдрийг дурсан цонх ширтэн зогсож байтал Баяраагийн тод шүхэр нүдэнд тусах нь тэр. Баяраа орцны үүдэнд ирчихсэн намайг хүлээж байгаа нь илт. Гараа савчин даллана. “Тэр Намууныг биш намайг сонгохоор иржээ, миний олон жилийн үнэнч сэтгэл түүний хайрыг өдөөж чаджээ...” гэсэн гэнэн бодлууд ар араасаа авцалдаагүй хөвөрч, би цуваа шүүрээд гарсан. Шатаар уруудан гүйхээрээ буухдаа зүрхнийхээ цохилтыг тогтоох гэж хэд хэд амсхийн зогссоноо л мэдэж байна. Харин уулзах тэр мөчид өөрийнхөө хичнээн бүтэшгүй зүйлд тэмүүлснээ ойлгомогц бүүдгэр тэнгэрээс буух бороон дусал газарт дугуйран буух орон зайд шингэчихмээр хачин эвгүй байдалд таг гацчихаж билээ. Хайрлаж явсан тэр минь саяхан энэ шүхрийг гартаа бариад миний өөдөөс харан зогсож байсан. Гэхдээ тэр найз бүсгүйгээ гомдоосныхоо төлөө надаас тусламж хүсэхээр иржээ. Би урьдын адил сайн найзын ёсоор зөвлөгөө өгөхдөө “Зүгээр л цонхных нь доор очоод бороонд нороод зогс” гээд хэлчихсэн юм. Надаас яагаад ийм үг гарсныг би өөрөө ч ойлгоогүй. Тэгээд л хэлчихсэн. Тэр шүхрээ шидчихээд баяр хөөртэйгээр гүйж одсон. Харин шүхэр миний өлмий дор үлдсэн. Ийм л зүйл болсон.
   Олон жилийн нууцхан хайрын хүч сэтгэл зүрхийг бөмбөрдөж, нүдээ цавчвал бүх юмны өнгө сааралтан цийлэлзэж нулимс ивлэнэ гэдгээ ч мэдэрч байлаа. Би ч бас өөрийнхөө дотор өөртэй минь зөрчилдөн байгаа бүхнийг дэлгээд бороонд норж гүймээр байна. Гэвч хаашаа, яах гэж, юунд тэмүүлэхээ мэдэхгүй дэмий л газарт унасан тэр шүхрийг гөлөрч зогсоно. Цувныхаа малгайг сөхөөд нүдээ анилаа. Тэнгэрээс буух намуухан дуслууд одоо хацар нүүрийг хайр найргүй угааж байна.
   Гэнэт хөлийн чимээ дэргэд ойртох нь дуулдах шиг болоход би уйлахаа болиод амьсгалаа чагналаа. Бороо шивэрсээр байгаа ч би норохгүй байгааг бодоход толгой дээр минь шүхэр барьсан бололтой. “Баяраа эргээд иржээ. Тэр Намуун руу гүйж байхдаа гэнэт намайг ямар байдалтай үлдсэнийг сэргээн бодож сэхээрсэн байх нь...” ахиад л догдлолт бодлууд давхралдан хөвөрч эхлэхэд сэтгэл хөдлөлөө барих гэж хичээлээ. “Үгүй, үгүй тэр биш байна. Баяраагийн миний өлмийд орхиод явсан шүхэр тэр газартаа хөглийн хэвтэж л байна. Тэр хаанаас дахин шүхэр олох билээ дээ...”
    Эргэн харвал огт танихгүй залуу миний толгой дээр шүхэр дэлгээд инээмсэглэж зогсоно. “Чи даарахгүй байна уу, эсвэл бороонд зогсох таатай байна уу?” гэж тэр надаас асууна. Баяраа биш байна гэсэн бодолтой зэрэгцэн шүхэр барьсан залууг гайхах сонжих зэрэгцэн харж зогсоход тэр юу юугүй шүхрээ хумиад надтай хамтдаа норж эхлэв. Болж буй үйл явдлыг эргэцүүлэх нь бүү хэл юм ярих ч хүсэл надад байсангүй. Тэр норвол норж л байг. Би танихгүй. Түүний норж зогсох нь өөрийнх нь л сонголт.
    Үл таних залуу цувны минь хормойноос татаад ойролцоох кафе руу орохыг гараараа дохин санал болгов. Би дуртай дургүй санал нэгдэж түүний араас дагалаа. Тэр хооронд бид хамтдаа юу ч ярихгүй хичнээн удаан бороонд норж зогссоныг бүү мэд. Сэтгэл санаа бүүдгэр байхад дэргэд хэн нэгэн хамт байгааг мэдрэх таатай ч юм шиг. Нэг аяга халуун кофе уугаад дагжин чичрэх минь багасаж, ухаан санаа цэлмэж, цовоо цойлгон зан минь эргэн ирлээ. Биднийг байрны мухарт байрлах бяцхан кафегаас гарахад бороо намдаж, норсон зам дээр нарны жим зурайж солонго татсан байлаа. Түрүүхэн л нэгэн хэвийн саарал өнгөөр бүрэлзэж байсан хотхонд моддын мөчир гэрэлт ногоон өнгөө гайхуулан гялтганаж, цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдийн шуугих дуу хангинаж эхэллээ. Хичнээн танил гудамж талбай, хичнээн гэнэн танхил бага насны дурсамж минь. Тэр бүхэн Баяраагийн сонголттой хамт солонго болон үлджээ. Гэрэл нь шатсан шонгийн доор хэдэн тагтаа талх будааны үүрмэг тоншино. Өвгөд хөгшид саяхан орсон хур бороонд талархах шиг тэнгэр өөд ширтэн налайна. Амьдрал ямар ч гуниггүй хөвөрч л байна.
   Одоо би бороонд шүхэр барьдаг биш, шүхрээ хаяад хамтдаа норж зогсдог залууг догдлон хүлээдэг болсон. Бидний ертөнц өөрөө шүхэр болох шидтэй хүмүүсээр дүүрэн юм.
Бичсэн: Боргоцой | цаг: 03:37 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant