2020-05-14
ХАВАР

       
    Нэг л мэдэхэд моддын мөчир туяаран нахиалаад, нялх ногоо тунаран өндийх нь дэлгэрэх цаг дэргэд ирснийг сануулах мэт. Үүрийн туяатай уралдан боссон эртэч залуус засмал зам даган гүйх нь ирж яваа цаг дор ирээдүй гэрэлтэх шиг таатай дотно. Өвгөд хөгшид, өлгийтэй хүүхдээ тэвэрсэн ээжүүд орцны үүдэнд бор шувуу шиг хоёр гурваараа эгнэн суугаад нарлах нь ахуй амьдрал ажин түжин байгааг илтгэнэ. Дугуйтай жаалууд бие биенээсээ өрсөх гэж хурдлан жирийлгээд, уралдан тоглох нь дэггүй. Сагсны талбайн шийдэнд өдөр алгасахгүй бөмбөг орж, гарч байгааг анзаарахуйд урин цагт хүүхдүүдэд хийх юм мундахгүйг өгүүлэх шиг. Хамар хашааны найзуудтайгаа нэгдээд үдшийн бүрий болтол, хацраа сайрттал гадаа тоглодог байсан багын дурсамж сэргэж сэтгэл гэгэлзэнэ.

    Гэгээн өглөө нарлаг эхэлснээ умартаж өдөр нь шороон шуурга тавьж, оройдоо цас хялмаарах нь хавар цагийн аясыг илтгэнэ. Хавсарга салхинаас нүүрээ халхалж торгомсог алчуураар толгойгоо баглаад хүзүүндээ дэгжин зангидсан туяхан бүсгүй нарны шилний цаанаас урдах замаа олж харах гэж тэнтчинэ. Хажууханд нь зам дагуу гэлдэрч яваа автомашинтай эр шуурган дундах цэцгийг олж харсан даруйдаа сүйхээчилж цонхны шилээ доошлуулан яриа өдөж буй нь тодхон.

    Оройн нарны бүлээн илчинд орсон цас хайлаад хөрс шорооноос чийг ханхлах нь таатай. Хаврын цасанд хатсан бүхэн гэрэлтэн сэргэнэ. Борооны дараах солонго шиг гоёхон охидын дэгжин алхаанд хотын гудамж өнгө нэмэх нь ялдам. Өдөр өндөрлөж буйг зарлах үдшийн сүүмийх туяан дор залуу хосууд бие биенээсээ салж ядан хөтлөлцөн зогсохыг ажихуйд сэтгэл уярам.

Бичсэн: Боргоцой | цаг: 18:24 | зураглал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax