Хагас нээсэн цонхны завсраар гадаа цас арилгаж буй чимээ бүдэг сонсдоно. Орон сууцны гаднах хатуу хучилттай зам дээр тогтсон зузаан цасыг ямар нэг хавтгай зүйлээр хусаж арилгаж буй чимээ. Орцны жижүүрүүд эртлэн босч ажилдаа орсон нь энэ. Яагаад ч юм бага насны дурсамж хөвөрч нойр сэргээд, хөшгөө нээж гадаах орчныг ажиглалаа. Нэвсийтэл цас Хагас нээсэн цонхны завсраар гадаа цас арилгаж буй чимээ бүдэг сонсдоно. Орон сууцны гаднах хатуу хучилттай зам дээр тогтсон зузаан цасыг ямар нэг хавтгай зүйлээр хусаж арилгаж буй чимээ. Орцны жижүүрүүд эртлэн босч ажилдаа орсон нь энэ. Яагаад ч юм бага насны дурсамж хөвөрч нойр сэргээд, хөшгөө нээж гадаах орчныг ажиглалаа. Нэвсийтэл цас дарчихаж. Муу аав минь хэдэн үхрээ бэлчээрт нь гаргачихаад гэрийн орой дээрх бөмбийсөн цасыг шүүрээр унагааж, дараа нь өвөлжөөнийхөө ойр орчмын цасыг арилгаж байгаа даа гэсэн бодол төрлөө.
❄️❄️❄️
Бага байхад ямар их цас ордог байгаа вэ? Эсвэл хүүхэд насанд шинэ орсон цас бүхэн их юм шиг санагддаг байсан юм болов уу? Сургууль амрахаар хашааныхаа цасыг арилгасааар байгаад л амралт дуусдаг байж билээ. Зургийн хичээл дээр багш амралтаараа юу хийснээ зураарай гэсэн даалгавар өгөхөд хашааныхаа цасыг цэвэрлэж буй өөрийгөө дүрслэн зурж байсан нь санаад тодхон. Өвөлжин чаргаа чирээд уулын уруу гулгаж тоглодог сон. Худгаас ус авахдаа дандаа чаргаар зөөнө. Тэрэгтэй ус зөөдөг айл цөөхөн байсан нь их цас, мөсөн дээр тэрэгний дугуй зуураад явдаггүй байсантай л холбоотой байх. Эгч чарган дээрээ усны саваа тавиад л жирийлгэнэ, би чарганы араас зуурч, явган суугаад чирэгдэж тоглодог болохоор эгчийг дагаж усанд явах дуртай. Түүнээс биш усанд явахад миний тус үнэндээ байдаггүй байж дээ.
❄️❄️❄️
Анги ахиж, арай ахлах бүлэгт орсоноос хойш шинэхэн цас орсон өдөр гэдэг миний үеийн охидын хувьд тун хүнд сорилт болж билээ. Ангийн хөвгүүд цас орохтой зэрэгцэн олби оготно шиг л тогтож суухаа болино. Завсарлагаанаар хүртэл хэдэн охидоо дэлгүүр гүйхэд нь цасаар угааж шоглоно. Хичээл тарах цагаар хөвгүүд хэсэг бүлгээрээ охид бүрийн харих замыг отож цасаа бөөрөнхийлж бэлдээд өөрсдийн зохиосон тоглоомондоо биднийг хүчээр татан оролцуулна. Малгай шүүрчихээд баригдаж өгдөггүй ангийн хөвгүүнийг маш их үзэн яддаг байж билээ. Хөөцөлдсөөр арай гэж малгайгаа авахаар цасаар нүүр угаачихна. Ёстой шарандаа уйлахгүй гэж хичээх ч охид л юм болсон хойно яаж тэсэхэв дээ... Нэг л өглөө ангийн хөвгүүд гэнэт томоожиж, цас орсон өдөр охидыг хоргоож, цасаар угаахаар элдэж хөөхөө больчихсон байж билээ.
❄️❄️❄️