Би гэж хэн явсан хийгээд бидний амьдрал чухам ямархан хэврэг болохыг эвлэгхэн хүүрнэж энгийнээр урсгаж бичсэн нь зохиолын гол онцлог болжээ. Г.Аюурзанын номыг шимтэн уншигчийн хувьд "Өчигдөр уулзъя. Бүрлээчийн монолог" роман нь миний хувьд "Судасны чимээ" /2015 он/ номоос хойш хамгийн гоё зохиол нь гэж хэлнэ. Үйл явдлын хувьд "би" хүүрнэгчийн амь амьдрал нь цаг төрийн өөрчлөлтөөс болж хэрхэн орвонгоороо эргэж хөрвөж, унаж босч, сэхэн сэргэж байгаа өрнөм сонирхол дүүрэн. Зохиолын гол баатар Орос хэмээх залуугийн шилийн сайн эрсийн нэг болох хувь тохиол, тохиосон хувь заяагаа өөрөө сүйдлэн урвах болсон үйл явдлаар зохиолын үйл явдал эхлэх бөгөөд төгсгөл ч мөн тэр цэг дээр очно. Роман бүхэлдээ хүний мөс чанарын илэрхийлэл дүрслэлээр арвин.
Амьдрал бол дурсамж бүрээс түүж эвлүүлсэн хоосон орон зай болохыг уг номын өгүүлэмжээс мэдэрч, имэрч, сэмэрч уншлаа.
Анхны сэтгэгдэл хэзээд тодоор үлдэж зүрхний гүнд хөндүүр гуниг тээж насан үүрд дурсагддаг болохыг эр хүний гаднаа хүдэр хайнга мэт боловч дотроо гэнэн хэврэг зан авираар товойлгон гаргасан нь сэтгэл татна. Төрсөн, төөрсөн хувь заяаны хоёр үр нь хожим бие биедээ сэтгэлтэй болж үйлийн үрийг амсуулах нь гачлантай. Үр минь үлдэх хорвоо гэдэгчлэн гишгэх зам мөрөө зөв тавьж явах нь эргэн дурсахад, урагш алхахад ч ирээдүйн чиг жим болохыг ойлгуулах шиг...
Г.Аюурзанын "Сахиуст хангайн нууц" /2017 он/ номын гол дүр, хосгүй үзэсгэлэнт Ягаан хатандаа хэтэрхий хайртай байснаасаа болж насан эцэслэснийх нь дараа ч санан гансарч хэдэн сараар ятга тоглон суудаг "галзуу ноён" Жонон бэйл Пүрэвжав хэмээгч энэ зохиолын хувьд би хүүрнэгчид амьдралынх нь гол чиглүүлэгч болно. Ноёны хиа явсан ахархан хугацаа энэ хоёр хүний насан туршийн амьдралын холбоос болжээ.
"Нэг л мэдэхнээ хавар, тэгснээ зун, төдөлгүй намар болж тэгээд цас унана. Хавар болох нь тэсвэрлэшгүй, зун болох нь тэвчишгүй, намар болох нь давшгүй, өвөл болох нь гэтлэшгүй санагдмаар. Гэтэл царамд цаг хугацаа ч бас оргүй хоосон болчихдог..."
Жаргалтай байхад цаг хугацаа хэрхэн өнгөрсөн нь үл анзаарагдам хөвөрсөн байдаг бол зовлонтой байхад туулж үл барна. Хайраар дутахгүй амьдарч байхад хань ижил хүртэл үнэ цэнгүй санагдах бол хайртай бүхэн нь үгүй болсон цагт ханиас нь илүү үнэнч хүн үгүй байсныг ухаарах. Үйлийн үрийг тойрч бус туулж бардаг болохыг зохиолын өгүүлэмж бүрээс эргэцүүлэв.
Saturn Writing
2024.03.04