2024-03-15
ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ



Хүний дотоод мөн чанарыг ухан уудалж, дэлгэн хөндөж, дэглэн дэрвэлзүүлэх чадвар зохиолын өгүүлэмжээс илхэн. Г.Г.Маркес алдарт "Зуун жилийн ганцаардал" романаас 18 насаар дүү уг номондоо хайр дурлал хийгээд хүн ёсны эгэл энгийн боловч хатуу үнэн, Карибын тэнгисийн хөвөөнөө өрнөх адал явдал, эмгэнэлт, эрээ цээргүй аж амьдралыг яруу тодоор харуулжээ. Зохиолын үйл явдал өрнөлийнхөө тэг голоос эхэлж, төгсгөлөөсөө дахин эхлэл рүү шилжих нь үйл явдлаас үйл явдал руу үсрэн хөтлөх зохиолчийн үндсэн бичлэгийн арга барил, онцлог нь гэлтэй. Тахлын үе буюу үхлийн аюултай өвчин хаа саагүй газар авч байх үеийн үйл явдал энд өрнөх ч яг үнэндээ хайрласан бүсгүйдээ үхэн үхтэлээ үнэнч тахал шиг дурласан залуугийн амьдрал л илүү анхаарал татна.

Флорентино Ариза  📝
Хайрлахад цаг хугацаа, нас зүсний ялгаа гэж үгүй. Хагас зуун жил хувиршгүй сэтгэлээр хайрласан бүсгүйдээ өөрийгөө ойлгуулахад 70 нас хөгшидсөнгүй. Эцэс төгсгөлгүй мэт хүлээлтийг даван гарч, ялалтаа өрсөлдөгчийнхөө үхлийн дараа бататгаж байгаа нь шоглоомтой. Флорентино шиг өөртөө итгэлгүй, нунж дорой мэт харагдавч сэтгэлийн тэнхээ, үнэнч зангаараа мятаршгүй хүмүүс эцсийн эцэст хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгадаг гэх үзэл санааг түүний дүр илтгэх шиг.  Өсвөр насны хүү байхаасаа л үнэнчээр хайрласан үзэсгэлэнт бүсгүйгээ насан туршдаа алсаас харж, хайрлах сэтгэл гэдэг... Туулж өнгөрүүлэх ганихралт өдрүүдийг ердөө хоосон итгэл дунд хөвөн туучсаар бүхэл бүтэн 51 жилийн дараа хайраа илчилнэ гэдэг ч, ээ дээ... Түүнийг "далайн дундах ганцаардсан дуу хоолой" хэмээн тодорхойлсон нь юутай оносон. Ямартаа ч зохиол эхлэхээс дуусах хүртэл Флорентино Аризагийн захидлуудаас нэгийг ч болсон унших юм сан гэсэн гэгэлгэн бодолд уяатай байлаа.

Фермина Даза  📝
Цайлган, үнэнч сэтгэл, зоримог шийдвэрүүд, эмэгтэй хүнд нэгэн зэрэг орших хахир хатуу бөгөөд эмзэг уяхан зан төлөвийн зөрчилдөөнийг Фермина Дазагийн дүрээр цэлийтэл нээжээ. Хосгүй үзэсгэлэнтэй хийгээд омог бардам Фермина анхны гэх тодотгол бүхий хайрын романсыг сэтгэлдээ төсөөлөн олон жил захиагаар харилцаж, сүй тавих хүртэлээ дурласан залуугаасаа гэнэт л татгалзана. Мэдээж ийм явдал амьдралд тохиолдох нь элбэг. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байх бардамналыг нь зүлгэн гялалзуулах эр хүн л биш бол сэтгэлээ хэдийд ч хувиргах хуурмаг араншин тээж байдгийг түүний дүр няцашгүйгээр илэрхийлнэ.

Хувенол Урбино  📝
Эрчүүд ер нь хоёр янз. Нэг нь өөрийнхөө гадаад байдал, дүр төрхөөс улбаалан өөртөө итгэх итгэлээ гээсэн, нөгөө нь эсрэгээрээ. Мэдээж, эмч Хувенол Урбино бол бүсгүйчүүдийн хүсэмжит хархүү. Удам угсаагаараа хүндлэгдэж ирсэн нэр хүнд нь угийн өөртөө итгэлтэй, мэргэжилдээ чадварлаг түүнийг улам өнгөлөн гялалзуулна. Хувенол Урбино анх Ферминад үнэхээр хайртайдаа биш түүнийг өөрийнх нь гэргий байхад зохимжтой гэсэн үндэслэлээр нь гарыг нь гуйсан. Фермина ч мөн ялгаагүй. Тэднийг ясны өөртөө хайртай зан чанарууд нь нэг гэрт оруулж, нэгэн насны амьдралаа хамтдаа өнгөрүүлж, бие биедээ уусан ууссаар хайрыг бүтээж буй нь бодитой.

Хайрлах нь насан туршийн амьдралаас суралцах тэвчээр хийгээд туршлага болохыг Ферминагийн дүр бэлхнээ гэрчилнэ. Хайрласаар байх нь нас насны олон амрагуудаас нь илүү үнэ цэнтэй хүлээлт болохыг Флорентинагийн сонголт болон амьдралын хэв маяг илэрхийлнэ.

Уг романыг Испани хэлнээс Б.Нямдорж эрхэм утга уянгын хөнгөн өнгө аясыг нь үл алдагдуулан хөрвүүлсэн нь сэтгэлд дотно мэдрэмжээр дүүрэн. 
Бичсэн: Боргоцой | цаг: 09:16 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax