2024-03-24
Онгоцны цонхоор...

Уулс уулсын бараа алсын алс руу уусаж үүлс үүлсийн дундуур цайран хөвөлзөн шингэх шиг. Ард тормойж үлдсэн алаг үр нүдэнд үе үе харагдаж, амьдрал ахуй, аж байдал бодолд дурайн буух. Агаарт, тэнгэрт бодол илүү уужим болдог ч юм шиг.

Зурааснаас зураас үүсэх мэт зурайж үзэгдэнэ юм бүхэн. Уулсын орой, үүлсийн хязгаар нийлж уртаас урт бодол болж үргэлжилнэ. Холоос харахад хонин сүрэг мэт бүрэг барагхан бүлэг цагаан юм сүүмэлзэнэ. Анхаарч ажин харвал айл хот бололтой.

Дээрээс нь харахад ч сүрдэм дэлхийн толь далай бас үзэгдэнэ. Аягатай цайнд идээ хөвөх шиг аварга усан онгоцнууд ч их далайн дунд ямхын төдий зурайх. Яндашгүй гэдэг нь л энэ байх даа.

Онгоцны жижиг цонхоор олж наран тусна. Намрын нарыг тэнгэрээс мэдрэх нь надад нэгэн шинэ зүйлийг дуудах шиг санагдана. Ээзгий шиг сэмжин үүлс энд тэнд торойх нь асгасан шагай адил зурайна. Амьдрал баялаг, аз жаргал ойрхон гэж тэр зуур сэтгэл уужирна. 
 
Бичсэн: Боргоцой | цаг: 20:58 | эргэцүүлэл ба эсээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax