2024-03-26
ЖИЖИГХЭН ГУТЛЫН МӨР...

Ус туучсан бяцхан гутлын мөр эзнээ хаа явсаныг илчилж энд тэндгүй тодорно. Энэ гутлын эзнийг байнга харж байхгүй бол эвгүй юм хийх магадлал маш өндөр. Хоолоо идэж байгаа нохойны идүүр лүү өнгийх гэж үзнэ. Нохой хоолоо харамлаад хаздаг юм аа, хол байгаарай гэж байнга сануулах хэрэг гарна. Зулзалагнуудаа хөхүүлж буй муурын дэргэд очоод муурын зулзагыг зулгааж аваад шидэх гэж үзнэ. Маамуу муур өвддөг юм аа, ээж нь гомдоод уйлна шүү гэж зэмлэх хэрэг гарна. Өөрөөсөө нэг насаар бага, бяцхан зээ дүүгээ бөөрөлхөж гарт нь байгаа тоглоомыг булааж аваад түлхэнэ. Маамуу дүү нь жаахан шүү, тоглоомоо хуваагаад тоглоорой гэж үглэх шаардлага гарна. Болчимгүй түүнд болохгүй гэх үг даанч соньхон.

Удахгүй цэцэрлэгт орж, олон аав ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн гүйлдэх жижигхэн гутлын эзнийг ямархуу дүр төрх хүлээж байгааг төсөөлөхөд ч бэрх. Ээж бүхний санаа зовж, энүүхэндээ эргэлзээ төрөх “том” асуудлуудын л нэг. Энэ жирийсэн мөрний эзэн их ээ хол явна даа гэсэн ирээдүйн төсөөлөл бодол эзэмдэнэ. Ингээд хараад баясаад суух өдөр хоног эрхгүй нэг дуусна даа гэж бодоход сэтгэл хоргодом. Ганцхан жил өмсөөд л багадчихна даа, бяцхан гутал нь. Хойтон жил ахиад арай том, гэхдээ ээждээ бол жижигхэн хэвээрээ өөр нэг гутал элээнэ.

Эзэн нь мөнх, эд нь хэврэг байг дээ…

2022.08.14
Бичсэн: Боргоцой | цаг: 10:17 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax