2024-04-14
МЭЛХИЙ

Бодит байдал, төсөөллийн орон зай алин болохыг үл мэдэх ертөнцөөр аялах мэдрэмжийг Мө Яний “Мэлхий” зохиолоос авлаа. Зохиолын үйл явдал хийгээд өрнөл тэмцэл нь үнэн бодит байдлаас сэдэвлэж үлгэр домогтой сүлж хуучлах мэт хөвөрнө.

ҮЙЛ ЯВДАЛ ХИЙГЭЭД ҮНЭН ТӨРХ

Хятад улсын хүүхэд төлөвлөх “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн “Авга”-ын дүрээр улс орны томоохон бодлогын үр дүнд энгийн ард түмний ажин түжин амьдрал хэрхэн орвонгоороо эргэснийг тод томруун дүрсэлжээ.

Хошуу даяар “эх дагина” мэт шүтэгдэж асан үзэсгэлэн гоо эх барих эмч Ван Шин улсын бодлогыг хэрэгжүүлэх хүндхэн үүргийг хүлээж хууль бусаар үр тээсэн эхчүүдэд үр хөндөлт хийх болсноор түүний нэр хүнд уланд бууна. Айл хотлоороо түүнийг үзэн ядаж, амьд шулам мэтээр харааж зүхэх нь энүүхэнд. Аргагүй шүү дээ, амь тасалж, гол гогдох ажлыг гардаж байгаа юм чинь. Гэсэн хэдий ч авга үзэл бодол, үнэнч чанараасаа няцаж цуцсангүй. Мянга мянган хүүхдийг эх барьж авсан гараараа мөн тооны хүүхдийг хорвоод ирэхээс нь өмнө үгүй хийнэ. Бодол сэтгэлтэйгээ тэрсэлдэн зүтгэсэн олон арван жилийн хөдөлмөр нь Ван Шиний гоо зүсийг ч шимэн сорж, насны эцэст сэтгэл зүйн гүн дарамтад орсон, цагаан толгойтой, тарган авгай болгох нь шоглоомтой.

Сэтгэл хөндүүрлэм үйл явдлуудаар зохиол өрнөх ч бодит байдлаас ухран зугтах аргагүй амьдралын үнэн мөнийг хөшиг хуу татах мэт цэлийтэл дүрсэлсэн нь гунигт автуулна. Үүний нэг жишээ нь, өгүүлэгч баатар Шанаган хорхойн эхнэр Ван Рэнмэйн залуу танхи насны гэнэн тоомжиргүй зангаар дахин хүүхэдтэй болж, хүү төрүүлэхээр эрс шийдсэн алхам байлаа. Түүний уг шийдвэрийг нөхөр нь ч, авга нь ч үл зөвшөөрч, хатуу тэмцэлдсэний эцэст үр хөндөлт хийх замыг сонгохоос өөр аргагүй болно. Гэвч орь залуу бүсгүй хоёрхон ойтой бяцхан охиноо өнчрүүлж, хэвлий дэх үртэйгээ хамт хатуу бодлогын шийтгэл нь болох мэт хорвоогоос явж одно. Улсын бодлого бол бодлого, түүнийг хэрэгжүүлэх хэн нэгэн заавал олдох л болно. Авга биш байсан ч өөр хэн нэгэн энэ ажлыг гардан гүйцэтгэх л байсан. Түүний гар дээр өнгөрөх өөр хоёр ч эмэгтэй яг дээрхийн адил шалтгаанаар насан өөд болно. Нэг нь хүүхдээ төрүүлэхээр тэмцэлдэж усанд шумбан зугтаж байгаад цус алдан үр нь зулбаж, өөрөө амь эрсдэх бол нөгөө нь худагт нуугдан зугтаж, гол гатлахаар дутааж байгаад баригдаж салан дээр амаржина. Хэдийгээр авга дутуу нярайг эх барьж авах ч ээжийнх нь амийг аварч үл чадна. Нэг айл нэг л хүүхэдтэй байх хатуу бодлогын хэрэгжилтийн цаана үр үндсээ үлдээх гэж амь тэмцэх хүний туйлбаргүй зан араншин тэрсэлдэж, ийм үйл явдал хаа сайгүй гарсан байх даа гэсэн бодол сэтгэл үймүүлнэ.

ӨГҮҮЛЭМЖ ХИЙГЭЭД ҮЗЭЛ БОДОЛ

Тосгоны хүүхдүүд сургуулийн хашаанд буулгасан нүүрснээс хэлтэрхийг авч уралдан идэж, ам дүүрэн хар чулуугаа шажигнуулан зажилж хөгжилдөх нь хоногийн хоолоо арай ядан залгах зүдрүүхэн цаг үеийг гэрчилнэ.  

 
Манай ах эгч, аав ээжүүд ярьдаг даа, “замын хар идэж байлаа, модны давирхайг бохь болгон зажилдаг байлаа” гээд... Хэдийгээр арай ч нүүрс идэхдээ тулж байгаагүй ч дээрх үйл явдлын дүрслэл юм ховор үеийн хүүхдүүдийн саваагүй зангаар илэрхийлсэн нь хоржоонтой.

Зохиолын гол баатар Ван Шин хилс хэрэгт гүтгэгдэн олны өмнө гэсгээл хүртэх зам дээр ирэхэд тэрхэн мөчид хэрэг явдал гэнэт таамаглашгүй эргэх агшин дахь дүрслэл нь чимхлүүр.
 
Тэр мөчид нуурын мөс хүмүүсийг дааж ядан дуу алдаад, ёолон гинших их чимээ гарснаа цүлхийн цөмөрч орхив. Ингээд шийтгэх үзүүлбэрийг үзэж сонирхож асан олон хүн мөстэй хүйтэн усанд унасан билээ.

Авгын туслах болох Арслан зүст хэмээх эмч бүсгүйд дурлаж, насан туршдаа сэтгэл зүрхээ түүнд зориулсан Элэг Ван хайртай эмэгтэйнхээ харцанд үл өртөх нь зохиолыг улам өрнүүн болгох мэт. Өөр эмэгтэйд дурлаагүй, насан туршдаа ганцаар явах замыг сонгосон тэрээр олон жилийн дараа хайртай эмэгтэйг нь булаасан сайн найз Шанаган хорхой, Арслан зүст хоёртой таарахдаа гаргах илэрхийлэл нь бүтэлгүй дурлалын шаналлаас ангижирч буулт хийсний эцэст өөрийгөө олсон болохыг нь гэрчилнэ.
Би өөртөө л хайртай болсон... Хэн нэгэнд дурлахад заавал нэг золиос шаарддаг юм. Гэтэл өөрийгөө хайрлахад золиос хэрэггүй шүү дээ. Яаж хайрламаар байна, төдий чинээгээрээ л хайрлана. Өөрөө өөртөө эзэн байна.
 
Өгүүлэгч баатар хулгайч хүүгээс дээрэмдүүлсэн мөнгөө авах гэж оролдсоноос болж зодуулж, амь тэмцэн зугтаж, тусламж эрэн бэдэрч, гуйлгачин адил бусдад үл тоомсорлуулж үзсэнийхээ дараа хүн болж төрснийхөө үнэ цэнийг ухан эргэцүүлнэ. “Нүд улаан, мөнгө цагаан” гэгчээр хүнийг гадаад байдлаар нь үнэлэн дүгнэх нийгмийн өнгийг энд товойлгон гаргажээ.
Хүн баяжих тусам төдий чинээ гүн сүсэг бишрэлтэй болдгийг, баян эсвэл ядуу байхаас хүний сүсэг бишрэл шууд хамааралтайг би мэднэ. Баян хүмүүс ядуусаас илүү хувь тавилан бэлгэ ерөөлд итгэж, ядуусын амь наснаас илүү өөрсдийн заяа тавилан, хөрөнгө мөнгөө хайрладаг. Ядуу хүний хувьд азгүйтэл гэдэг энгийн л зүйл байхад баян хүмүүс гартаа хүндэтгэл, үнэ цэнийг асар үнэтэй гангар шаазан мэт атган амьдардаг.

ЯАГААД МЭЛХИЙ ГЭЖ...

Зохиолыг яагаад “Мэлхий” хэмээн нэрийдсэн нь сонирхол татна. Мэлхийн вааглах чимээ нялх хүүхдийн уйлах дуутай ижил төстэй тул Хятад хэлнээ “ва” гэж мэлхийг нэрлэдэг байна. Мөн нярай хүүхдийн часхийн уйлах дууг “ваа” гэнэ. Зохиолын гол баатар авга буюу Ван Шин хэмээх эмэгтэй олон мянган хүүхдийг хорвоод төрөхөөс нь өмнө үр хөндсөн шаналлаа үл тэвчиж, бодол санаанд нь тэр бүх хүүхдийн дүр төрх хоногшин мэлхий мэт вааглана. Хар даран зүүдлэх, бодитоор болох үйл явдлыг ялгаж үл чадах хэмжээнд сэтгэл зүй нь гэмтэж, тэр гунигаасаа ангижрах хүсэлдээ автагдан хүүхдийн шавар баримал урлаач Гар Хутай гэрлэнэ. Гар Ху авгын дүрслэх хүүхдүүдийг урлаж, тэр бүх хүүхдийг дахин төрөх үйл хийж буйгаар зохиолын үйл явдал өрнөх нь домог хууч амилах мэт.
Мөн өгүүлэгч баатар Шанаган хорхой залуу эхнэрээ алдсаныхаа дараа Арслан зүсттэй ханилах бөгөөд 50 нас хол давсныхаа дараа тэд нялх үр манцуйлан авна. Энд мэлхий үржүүлгийн газар нэрийн ард улсын бодлогоос нууцаар тээгч эхээр дамжуулан үр суулгаж хүүхэд төрүүлдэг эмнэлгийн тухай гарах нь ноцтой. Тээгч эмэгтэйчүүдийн дунд галд өртөн эрэмдэг болсон бүсгүйн дүр тодрох бөгөөд тэр ч мөн энэ нийгмийн золиос гэлтэй. Том бодлогын эсрэг талд заавал нэг хууль бус зүйл байдаг болохыг энэ зураглал тод томруун гэрчилнэ.  

“Мэлхий”-г уншиж байхад хүйтэн цустай амьтны дүр төрх бодолд амилан дотор зарсхийлгэх нь ёжтой.  Мэлхий олон хүүхэдтэй болохын бэлгэдэл тул Хятадад энэ амьтны дүрийг тахин шүтэх сүсэг бишрэл бий. Зохиолын төгсгөлд хойд дүр гэж байдгийг гэрчлэх мэт үгүй болсон хүүхдүүд гал голомтондоо дахин төрснийг дүрсэлсэн нь сэтгэл уужруулна.

Мө Янь зохиолчийн үлгэр домгийг бодит байдалтай хослуулан хүүрнэх бичвэрийн онцлог нь үйл явдлын мөрөөр орж, нэг барьж авсан бол тавихгүй дуусгах сэдэлд хөтөлнө.

 
Бичсэн: Боргоцой | цаг: 21:23 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax