2024-05-19
ХАЛАМЖААР УГЖСАН СОНГУУЛЬ

Байгалийн баялгаас хувь хүртээх нэрийдлээр бэлэн мөнгө, халамж тараадаг бодлого хэзээнээс эхтэйг та баримжаалж тооцож байсан уу? Сонгуулийн жилүүдийн амлалт болон тухайн онуудын төсвийг нягталж үзвэл яг 4 жилийн давтамжтайгаар халамж тараадаг жишиг тогтоод даруй 5 удаагийн сонгуультай бид нүүр тулж байна. 


УИХ-ын ээлжит сонгууль дөхөж эрх баригчид ард түмнээ баярлуулах шийдвэрийг ар араас нь гаргасаар байна. Гэхдээ сонгууль угтсан амлалт, "их мөнгө тараалт" нь эргээд эдийн засгаа унагаж, хүн амаа халамжинд живүүлэх эрсдэл дагуулдаг.

Үе, үеийн сонгуулийн өмнө ямар халамж тарааж байсныг баримт сөхөж, эргэн санацгаая.

2004 он- УИХ сонгуулийн өмнө "Итгэлийн мөнгө" санаачилга гарч, сонгуулийн дараа халамж олгосон,

2008 он- "Эх орны хишиг" тараах амлалт өгч, сонгуулийн дараа олгосон,

2012 он- Сонгуулийн өмнө "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлж, мөнгөжүүлсэн,

2016 он- Сонгуулин өмнө "Сайн хувьцаа" ЭТТ-н 1072 хувьцааны 30% мөнгөжүүлж засаг худалдаж авсан,

2020 он- Сонгуулийн өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараасан,

2024 он- Сонгуулийн өмнө 1072 хувьцааны 2022, 2023 оны ногдол ашиг тараав.

Мөн 2020 онд төрөөс хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20 мянган төгрөг байсныг 5 дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон. Үүнийг цар тахлын сөрөг нөлөөллийг сулруулах бодлогын хүрээнд хийж буй ажил гэж тайлбарлаж байлаа. Тус арга хэмжээний нийт төсөв ДНБ-ий 3 гаруй хувийг эзэлсэн байна.

Сонгуулийн жилийн халамжийн бодлого сонгогчдын сонголтод нөлөөлдөг болоод л жилийн жилд халамж нэрээр мөнгө тараадаг жишиг тогтсон байх л даа. Тэгвэл энд нэг сонирхолтой судалгааны баримтыг эш татъя.


Дэмждэг намаа сүүлийн жилүүдэд өөрчилсөн үү? гэсэн асуумж судалгааны үр дүнгээс харахад халамж нь намыг дэмжих, намаас хамааралтай байх шалтгаан болж байх өндөр магадлалтайг уг судалгааны дүн илтгэж байна. Тэр дундаа халамж авдаг бүлгийн иргэдийн хувьд сонголтод нь халамж нөлөөлөх магадлал харьцангүй их байна.

Дэлхийн банкнаас “Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүддээ үзүүлсэн тусламжийн ДНБ-д харьцуулсан харьцаа бүс нутагтаа хамгийн өндөр” байгааг дурдаад “Төсвийн дэмжлэгийн үр ашиггүй хуваарилалт ядуурлыг бууруулах хурдад сөргөөр нөлөөлж байнагэж сануулсан.


Олон улсын валютын сангаас мөн төсвийн зардлаа хэмнэх, халамжийн бодлогоо зөв тодорхойлохыг зөвлөсөн. Харин манай бодлого тодорхойлогчид тэдний зөвлөмжийг эс оошоож сонгууль угтсан халамжийн төсвөө тэлсээр л байна. Энэ онд л гэхэд төсвийн нийт урсгал зардлын 60 гаруй хувийг тэтгэвэр, тэтгэмж, халамж, цалин хөлсийн нэмэгдэлд зарцуулахаар байна.

Цалин тэтгэврийн нэмэгдэл, халамж бэлэн мөнгө тараах нь улс орны эдийн засгийн өсөлт, ард иргэдийн аж амьдралд, тэр дундаа ядуурлыг бууруулахад дорвитой үр дүн үзүүлдэг бол болж байна. Харамсалтай нь сүүлийн 20 жилд халамж, тэтгэмж нэрээр бэлэн мөнгө тараасны дараа инфляц хөөрөгдөхөөс өөрөөр онцгой үр дүн гарч байсангүй.


#тоймтоо #ХаламжаарУгжсанСонгууль
Бичсэн: Боргоцой | цаг: 12:23 | контент
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax