Бид энэ яваа насандаа ээждээ амьдарч өгч байгаа мэт л аашилж аяглаж хорвоог бардаг улс юм. Анни Эрно зохиолчийн “Эмэгтэй” хэмээх номыг уншаад ийм л бодол толгой руу дэлсээд авах шиг буулаа.
Бага балчир насанд ээж гэдэг бүх дэлхий мэт санагдана, идэр залуу явахад ээж үргэлж мөнх наслах мэт бодогдоно, харин үүрд дэргэдээс явсан хойно л энэ хүн зөвхөн миний л төлөө энэ хорвоог туулж дээ гэсэн хоосон харуусалтай л үлддэг жам юм. Тийм харууслыг бага тээхийн тулд ээжийгээ дэргэд байхад нь ойлгож, хайрыг нь дааж амьдрах ямар чухлыг номын хуудас бүрээс ухаарч, уудалж уншлаа.
Ээждээ хатуу үг хэлж, хар муугаар бодох нь бүү хэл хажууд амьдарч, амьсгалж, урмын харцаараа ивээж байгааг нь ч сүсэглэн хайрлах ухаан үр хүүхдүүдэд нь алхам тутамд л дутаж байдаг шиг ээ. “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэж юутай үнэн үг вэ дээ. Өөрөө ээж болохдоо ээждээ л зээг нь төрүүлж өгсөн гавьяа аятай аашилж, хүүхдээ харуулах гэж гэртээ байлгахдаа хүний гар харж амьдарч байгаагийн цөхрөл шаналалыг нь ч үл анзаарна. Яг л миний дотор хэн нэгэн ороод миний ээжийн дотоод сэтгэл зүйг дэргэдээс тольдон бичсэн мэт сэтгэгдэл төрлөө. Хүүрнэл зохиолын ид шид нь үүндээ байдаг биз ээ.
Зохиолч Анни Эрно ээжийнхээ амьдрал замналын тухай хүүрнэсэн цөөн хуудастай ч час хийсэн өгүүлэмжтэй уг ном хүний сэтгэл зүй рүү нэвт өнгийж чаджээ. Эмэгтэй хүний ээж байхын, эзэгтэй байхын, энэ амьдралд мөртэй байхын утга учрыг энгийнээр хүүрнэн өгүүлснээрээ онцлог зохиол юм. Зохиолын гол баатар эмэгтэй насан туршдаа өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэсэн мэт боловч бүхий л амьдралын эцсийн мөч хүртэлх хугацаа нь ганц охиныхоо амьдралын замын чулууг түүж, дардан болгох зүгт чиглэж байсныг зохиолын өгүүлэмжээр илэрхийлжээ. Энд ямар ч эхлэл, өрнөл гэж байхгүй, бүх хуудас нэгэн хэмнэлтэй. Охин ухаан орсон цагаас ээжийгээ бишрэн өсч өндийж, өсвөр настайгаа золгомогц ээжтэйгээ үл ойлголцож, өөрөө ээж болоод эргэн ээжийгээ ойлгон ухаарч, харуусан хайрлах хүртэл бүхий л цаг хугацаа эгэл энгийн, байдаг л өгүүлэмж мэт. Гэвч байдаг л гэж бодох юм бүхэнд бид хайнга хандаж үл болохыг сануулах мэт.
Ой санамжаа алдах өвчинтэй тэмцэн шаналж буй эх хүний тэвчээр, хязгаартаа хүртэл тэмцэх тэмцлийн эцэс төгсгөл нь хагацлаар дуусна. Амьдралынх нь төгсгөлд хүрсэн энэ цэг нь харин түүний охины ухаарлаар бүтэх номын эхлэл болжээ.
Миний ээж дарангуй орчинд төрж өссөн, тэндээсээ гарахыг хүсэж зорьсон, үг үзэл бодол ноёлсон ертөнцөд намайг өөрийнхөөрөө ганцаардалгүй амьдраасай гэж хүсэж зорьсон, хүсэл мөрөөдөл нь өнөөдөр ийн түүх болон үлдлээ.