2024-06-10
НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ

...Эрчүүдийн ертөц дэх эмэгтэй хүн байхын зовлонгийн төлөө, өөрийнхөө эсрэг хорсол гутралдаа багтран уйлсаар...

Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт. 

Гатлага онгоцоор урт холын зам туулж жил бүрийн наймдугаар сард ээжийнхээ газрыг эргэхээр аглаг арлыг зорих нас тогтож буй Ана Магделина Бах хэмээх эмэгтэйн нэгэн хэвийн амьдрал гэнэтийн учралаас болж эрс өөрчлөгдөнө. Жил бүр шинэ учралаа хүлээн догдлох мэдрэмжээ барьж үл дийлэх түүний өөрөө өөртэйгээ тэмцэх дотоод хүүрнэл, түүндээ ялагдах хүсэл тачаал нь эцсийн мөчид гуниг ганихарлаар дуусна. Гэсэн хэдий ч нуух л ёстой аз жаргалаа мэдрэмжээрээ мэрэх нь түүний хувьд тохиол учралаас илүү догдлолыг төрүүлнэ. Жил бүрийн наймдугаар сарын тэр л учрал нь насны амрагтайгаа уулзах тохиол бус зөвхөн гэнэтийн бөгөөд хожим дахин хэзээ ч уулзахгүй учрал байх ёстой нь эмэгтэйн хувьд юу юунаас илүү чухал. Учир нь тэрээр өдий хүртэл босгосон амьдрал, өөрт нь үнэнч биш ч үргэлж хайртай нөхрөө гомдоохыг үл хүснэ.

Эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй, сэтгэл санаагаа газраар нэг чирсэн амьтан буудалдаа эргэн иржээ. Гадаах задгай асар залуу хамтлагийн хөгжим дор дураараа цэнгэн бүжих залуу үйлчлүүлэгчдээр дүүрчээ. Тэр дунд Ана ч биеэ барьж дийлсэнгүй, жаргалтай залуу үеийн баяр хөөрөө дурсан санах хүсэлд автав.

Хүн өөрөө алдаа хийж байж л бусдын алдааг ойлгох ухаантай болдог, өөрөө зовж байж бусдын шаналалыг мэдрэх сэрэлтэй болдог юм шиг ээ. Эсвэл өөрийнхөө хийсэн буруу зүйлийн шалтгааныг өөр хэн нэгнээс олж харахыг тэмүүлэх амин хувиа хичээх араншингаар өлсөж амьрдардаг ч юм шиг.  Амьдрал туршдаа хав дарах нууцтай байхын шаналал, нууцыг нь хэн ч мэдэхгүй байхын аз жаргалыг нэгэн зэрэг амсах нь баяр, гуниг хосолсон дурсамжийг илүү хурцалж байдаг ч юм шиг... Сайн хийгээд саарын тухай олон төрлийн өнцөгийг ухан эргэцүүлсээр уг номыг уншиж дуусгалаа. Номын хуудас хэчнээн зузаандаа бус агуулга хэр гүн гүнзгий байх нь чухал болохыг уг бичилхэн зохиолоос ухаарах шиг.

Эмэгтэй хүний дотоод мэдрэмж, бодол эргэцүүллийг яаж ингэж нарийн чимхлүүр гаргасныг нь гайхмаар. Хайрын романтик түүхэнд дурлагчдад энэ ном яг тохирно гэж би лав хэлнэ. Зохиолын төгсгөл нь үнэхээр төсөөлөмжгүй ч маш чамин. Ана Магделина жинхэнэ хайраа олж алс хязгаар арал дээр үүрд үлдэх болов уу, эсвэл...



Төгсгөлийг нь харин эрхэм уншигчдад үлдээе.
 
Бичсэн: Боргоцой | цаг: 10:35 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax