ҮҮЛСИЙН НҮҮДЭЛ
Бидний аялал үүлсийн нүүдэлтэй хамт эхэлсэн. Сэмжин үүлс бие биеэ ороон, сэвэлзэх салхиар туугдан нэг хэсэг нь нөгөөгөө уриалан дуудах шиг алгуурхан нүүнэ. Хөвөн шиг нэвсгэр, хөх дэрс шиг сунагар, өнгө өнгийн өтгөн үүлс дундуур зам зурайна. Зах хязгааргүй мэт. Дуниартан цэлэлзэх манан дунд хөвөх адил алсран цэнхэртэж, аясхан хөвөлзөх хөх үүлс мяралзан тунарна. Өнөө цагт үл орших эрт цагийн үлэг гүрвэл мэт, эсвэл хүүгийн хэлснээр түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны аав, хүүхэд махчин загас /daddy shark, baby shark/ шиг, өөр олон дүрстэй, өтгөн хар, усан цэнхэр өнгө бүрийг сүлсэн, хил хязгааргүй мэт үргэлжлэн сунайх үүлсийн дундуур салхи татуулан давхисаар аялал эхэлсэн.
ЗАМ ХАРГУЙ
Тэгээд зам харгуйгаар үргэлжилж, тэндээ хэсэг амсхийсэн. Нутгийн харчуудад бол нуга бүрийг нь андахгүй, алсын зочдод бол андуурам олон салаа зам харгуй. Алийг нь барьвал зорьсон газартаа хүрэхийг анзаарч үл мэдэх. Төөрчих вий гэсэн айдас түр зуурынх байх нь сайхан. Айл хотлоос асуух, ах дүү шиг дотночлон заах. Ахиад л салаалан суниах нутгийн бор замууд. Сонголт арвин ч сорилт их юм аа.
НУУРЫН МАНДАЛ
Үүрийн сүүмгэр туяанд нуурын мандал үес үесхэн толиотон давлагаалах нь салхитай хорших намуухан симпони адил хэмнэл аяз урлана.
Нарны туяа үдшээр нуурын толионд хоргодон жаргахдаа бүүдгэр шар гэгээ тунаруулж, бүлээн агаар нь дулаан илч мэдрүүлнэ. Эндээ үүрд үлдмээр, эсвэл энэ цаг хугацааг хулгайлж аваад зугтмаар сэтгэл догдлуулна, сэрэл мэдрэмж хөвнө.
ТАЛЫН САЛХИ
Нуурын мандалд хоргодсон сэтгэл зүрхээ, гэгээн дурсамжтайгай хамт богцолж аваад алсын аяллаа үргэлжлүүлэв. Нумаран зурайх олон салаа замаар нүүх үүлсээ даган униартах талыг чиглэв. Тэнд хязгаар нь үл үзэгдэх Мэнэнгийн тал цэлийх. Намар айлчлан буйг сануулах шиг үзүүр нь үл ялиг шаргалтсан дэрст өвс салхинд намирч үзэгдэнэ, саруул талын үнэр ханхийнэ. Сайхан юм аа гэж намуухан уулга алдам. Сэвэлзүүр салхи нь хацар илбэх шиг. Сэтгэл зүрх эзэмдэн тайтгаруулна. Бороогүй үед энэ зам бодлын гүнээс уйтгар үргээх шидтэй юм. Бороонд бол жолоо булаан шарвахаар яггүй шандас сорих гулгаа ихтэй зам санж.
УУЛС
Нүд баясган, хараа үл чилээх хөх уулс чилийнэ. Хүрэнтэх толгод бараа бараагаа түшин бөмбийнө. Хүрэхгүйн алсад хүслээ шивнэн, уулсын бараанд үйлсээ даатган сүслэнэ. Урдах зам уран зурайна, уулс үүлс сүлэлдэн дүнхийнэ. Үлгэр шиг ийм өнгийг зурж чаддаг бол зурах сан гэсэн хүсэл бодлоос үл гарна. Бичих л гэж оролдох, биет байдлаа хэрхэн гүйцэх билээ.
Ай сайхан эх орон минь, агаарыг чинь мэдэрч, амьсгалахдаа сэтгэл дүүрч, үзэсгэлэнг чинь биширч, үргэлж хоргодох бодлоо тээсээр гэрийн зүг гэлдэрч явна. Аялал амттай байлаа. Амт нь цэнгэг агаар, цэлгэр тал, хөвөн үүлс, хөх уулс, буурал толгод, будант манан, шиврээ бороо, сэвэлзүүр салхи, толиотох нуур, торгон элс байлаа.
Saturn Writing
2024.08.23