2024-10-23
ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ



Гарчгийг нь хараад л шууд “эмормоор” гэгэлзэж, гунигламаар ч юм шиг санагдахгүй байна гэж үү?


Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн 1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” хэмээх уг номыг уншихад нэг тийм далдын шаналал, гомдол нуугдсан ч юм шиг мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүний өөрийгөө хойш тавин байж амьдралынхаа хором мөч бүхнийг гэр бүлдээ зориулах их хүсэл зоригийн ард юу нуугдаж үлддэгийг илэрхийлэхийг зорьжээ гэж би хувьдаа эргэцүүлсэн.

Номын тухай тайлбарыг эхлээд уншаад зохиогчийн хувьд өөрийгөө егүүтгэсэн ээжийнхээ тухай намтарчлан бичсэн нь өөрөө их зориг юм аа гэж бодож байв. Гэтэл түүнээс ч илүү их зориг номын хуудсанд шингэсэн нь тэсвэрлэшгүй ганцаардлаас илүү тэвчиж үл барах эдгэшгүй өвчинтэй тэмцсэн түүх, амьдралаас хагацах зориг байсныг нь ухаарав.  Хүн үхэхийг сонгох хүртлээ шанална, түүнийгээ хүлцэнэ гэдэг магадгүй асар их хуримтлагдсан тэвчээр алгуур алгуураар томорсоор гэнэт тэсрэхийн нэр байх.


Нөгөө талаас нийгмийн нөхцөл байдал, цагийн ороо бусгаа үе, эмэгтэйчүүдийг үл тоомсорлох үзэл, дайн самуунтай жилүүдийн тарчиг амьдрал хүний өөрт итгэх итгэл, хүсэл зоригийг тэр хэрээр мөхөөж байдгийг зохиолын өгүүлэмжээс харж болохоор.

"Цаг үргэлж хүчтэй байхаас өөр арга байгаагүй ч цавын цаанаа сул дорой байж үзмээр санагддаг байлаа"

Ингэж санагдах үе хүний амьдралд бишгүйдээ л гарах биз ээ. Номын өгүүлэмжээс сэтгэлд тод үлдэх, эшлэх ганц өгүүлбэр байсан нь дээрх болой. Нэг барьж авсан бол нэг л амьсгаагаар уншиж дуусахаар нимгэн хуудастай уг ном мэдрэмжид ч тэр нимгэн хөнгөн гуниг хургуулаад замхарсан. Дахин унших, дахин энэ номын тухай бодох сэхээ төдий л өгөхгүй болов уу гэж би хувьдаа дүгнэсэн. Тэгэвч ямар номыг ямар үед уншиж буйгаас хамааран үлдэх сэтгэгдэл тэр хэрээр өөр өөр байдаг буй за. Уншигч бүрийн дотоод мэлмий мэдэх биз ээ.

Уг номыг 2022 онд "Тагтаа Паблишинг" ХХК-д хэвлэжээ.

 

Saturn Writing
2024.10.23

Бичсэн: Боргоцой | цаг: 11:00 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax