Амь амьдралаа алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.
Хорвоог цээжиндээ багтаах хорин долоохон насандаа амь эрсэдсэн Баянак хүүгийн сэтгэлийн хат, тэмцэлт амьдралыг харуусан гуньж уншлаа. Хүүгээ хайрлавч эх орноосоо урван тэрсэлж эс чадах эцгийн дүр Жанибекийг үзэн ядавч үйлдлийг нь үгүйсгэж бас үл барав.
Эмэгтэй хүний асар их тэвчээрийн цаана нуугдах хүлцэн хүлээж, уучлан тэвчих ухааныг Суяшийн дүрээр товойлгож, хэмжээлшгүй хайртайгаа хэлж амжаагүй байтал нүдэн дээрээ хайртыгаа алдахын зовлонд унах Гумайн дүрээр дутуу хайрлагдахын шаналанг илэрхийлжээ.
“Халил хад минь ангайгаад өгөөч
Хайрт ганцыгаа хадгалъя өвөрт чинь...”
Зохиол тэр чигтээ цаг үеийн ороо бусгаа үед олон ч хүн мөс чанараа гээтлээ нам засагт зүтгэж, тэр нь хоосон хийрхэлээс цаашгүй ирээдүйд хөтөлсний нэгээхэн жишээг илэрхийлэхийг зорьсон мэт.
“Тийм дээ, хүү минь, албан тушаал, нэр алдрын донд нэг л автах юм бол хараастай сохор, мэдээстэй маанаг болж хувирах нь амархаан байдаг. Ийм хүн нэг ёсны эрхтэн дутуу, мэдрэл гажуу явсаар нэг л өдөр амьдралын хатуу торгуулийг голдоо ортол мэдрэхдээ сая л сэхээ ордог. Сэхсэний дараа ч бол юутай гайхалтай, юутай харамсам амьтан болчхоод явснаа харин нэг ойлгож авдаг юм билээ.”
Эцэст нь хүн байгалийн жам ёсонд захирагдахын нууц, байгалиа шүтэн сүсэглэж он удаан жил амьдарсан ахуй соёлын ондоошил, ялгарлыг Чинагийн Галсан гуайн “Аянгат цагийн тууж” бэсрэг романаас олж мэдэх буй за.
Saturn Writing
2024.10.28