2024-10-30
АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР


Аравдугаар сар анзаарагдамгүй өнгөрдөг хэр нь хүний сэтгэлийг хамгийн их догдлуулдаг, магадгүй тэр хэрээр нууцхан гунигт автуулдаг гэгэлзэм сар мэт санагддаг даа. Шарлаж гундсан навчис хаа сайгүй хөглөрөх нь, нарны илч туниа муутай ч нозооруулан төөнөх нь, анхны цас ороод тэр даруйдаа газарт нэвчин хайлах нь бүгд л тэр чигтээ аравдугаар сартай хамт ирдэг, төрдөг мэдрэмж юм аа.
"...дөтлөн шаргалтах талын хаяа хярхгаас тасран өндийх мэт цайвардуу эхэлснээ дээшлэх тусам хөхрөх тэнгэрийг хараад хараад хараа үл гүйцнэм. Аяа, арван сарын тэнгэр!"

Чинагийн Галсан зохиолчийн байгалийн үзэгдэл хийгээд хүний сэрэл мэрдэмжийг үгээр зурж дүрсэлдэг онцлог “Арван сарын тэнгэр дор” зохиолд нь мөн шингэжээ. Энд зуурдын учрал гэж байдаг ч үүрдийн дурсамж үлдээж болдогийг тодоос тод зураглан буулгасан нь сэтгэлд дотно. Малгайлан орох анхны цастай, шинийн сарны сүүмгэр гэрэлтэй хамт ганцхан хоногийн хугацаанд бие биедээ ижилдэн дасаж, ээнэгшин татагдсан хосуудын гаднаа ил гаргаж үл зүрхлэх ч дотроосоо тэмүүлэх мэдрэмжийг сэтгэл гэгэлзтэл хүүрнэсэн нь догдлол төрүүлнэ.
“Талд, талын цаадах ууланд, чи бид хоёроор барахгүй, хүн төрөлхтөнд эргэж олдохгүйгүйгээр алга болсон цагийн улбаан дор бүрдсэн учралд хүртэх орон зай гэж тэнд үгүй дээ, Нинжин минь. Тэгэхлээр оройтож хэнзэлсэн цаг бусын хайр маань эхэлсэн тэр газраа үлдэг. Бас чи бид хоёртой цуг сэтгэл зүрхэнд маань хамт яваг...”
Хүний нэг насны амьдрал замналаар нэг бүтэн ном бичиж хүрэхгүй байх тохиодол бий. Гэтэл нэг удаагийн учрал, нэг өдрийн үйл явдлаар бүхэл бүтэн зохиол туурвих нь ч бий. Үлдэх мөртэй, үгүйлэх дурсамжтай амьдарна гэдэг нь өөрөө чухал юм даа.
Зохиолч Ч.Галсан “Арван сарын тэнгэр дор” номоо 1972 онд бичиж, 1981 онл герман хэлээр нийтлүүлж, 1988 онд монголоор орчуулжээ.
Аливаа үндэстний оршин тогтнох үндэс нь хэл соёл болохыг, тэр хэл соёлыг уламжлан авч явах, түгээн түүчээлэх хүмүүс нь эрдэмтэн сэтэр зүүсэн гадаадын улс орны хэл шинжлэлийн сэхээтнүүд биш уугуул хэлээрээ ярьж, туурвиж буй энгийн ард өөрсдөө болохыг уг номын өгүүлэмжээр гаргахыг зорьсон мэт мэдрэмжид автлаа.  

Аравдугаар сардаа багтан энэ номыг гэгэлзэн байж уншлаа. Баяртай миний сэтгэлд дотно аравдугаар сар аа, дараагийн намар эргээд уулзъя.

 
Бичсэн: Боргоцой | цаг: 10:25 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax