Үйл явдал өрнүүн, өгүүлэмж арвин, хуудас нимгэн ч хойш тавимгүй өрнөлөөр дүүрэн ном байлаа, “Сувд”.
Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн “Сувд” зохиол нь бүхэлдээ эд мөнгө, шунал хүсэл гэгч хүний дотор орших араатныг хэрхэн сэрээж, сэхээрэх сэхэл өгөхгүйгээр оюун бодлыг эзэмддэг болохыг илэрхийлжээ.
Тэнгисийн эрэг дагуу сувд түүж амин голоо зууж ирсэн айл хөршүүдийн дунд аман яриа, хууч домог болон үлдсэн нэгэн түүх бий. Тэр бол Кийногийн гэр бүлд тохиолдсон явдал юм. Анхны амин үрээ өлгийдөн авсан энэ айлд гэнэт их аз тохиож, өрхийн тэргүүн Кийно хосгүй үзэсгэлэнт, аварга том сувд олсноор тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэлийн үүд нээгдэх болно.
..."Хот даяар мэдээ хэрхэн тархдаг нь төдий хялбар тайлагдашгүй нууц. Мэдээ халтар жаалуудаас хурдан чавхдаж, сум шиг сүнгэнэж, авгайчуул үүн тухай худал цуурахаас ч илүү хурдаар тархдаг юм шиг санагдана.
Кийно, Хуана, бас бусад загасчид Кийногийн өвсөн эмбүүлд хүрч очихоос өмнө хотын судас бүхэнд "Кийно хорвоод хосгүй сувд олжээ" гэх мэдээгээр лугшин цохилж байв."
Гэнэт олдсон их олзоо алдахгүй байхын тэмцэл, арилжихдаа наймаачдад хулхидуулахгүй байх сүйхээ, арилжаалж гэмээнэ зөв тооцоотой зүйлд мөнгөө зарцуулах ухаан гэхчлэн олон төрлийн зорилго эндээс урган гарна. Гэвч санасандаа хүрэхэд саад тотгор дэндүү их ажээ. Сувдтай үлдэх үү, амьд үлдэх үү гэсэн сонголтод тулсан Кийно, Хуана хоёр хүүгийнхээ ирээдүйн төлөө бүхний эсрэг тэмцэхээр шийднэ.
Сувдаа арилжихаар алсыг зорьж буй тэдний аялал ээдрээт үйл явдлаар арвин бөгөөд энэ хооронд хосгүй сувдын тухай тархсан хэл ам, зайлж боломгүй атаа хорсол нь туулах замаас илүү хүнд даваа болно.
Эцэст нь....
Энэ номын төгсгөл нь хүний мөн чанарыг эргэцүүлэх орон зай үлдээгээд дууссан. Амьдралдаа зорьж буй бүхэн нэгэн өдөр биелэх, эсвэл нэгэн өдөр нурахын цагт хүн яг ямар сонголтыг хийдэг юм бол... Сонголтоос дахин сонголт үүсч, үр дагавар өөр нэг үр дагаварт хөтөлнө...
Зохиолч Жон Стейнбэк Мексикийн Бажа-Калифорниа мужийн Ла Паз хэмээх бөглүү тосгонд хууч болон үлдсэн бодит үйл явдлаас сэдэвлэн бичсэн уг зохиолын өнгө аяс нь үлгэр хүүрнэх мэт өгүүлэмжтэй, үг хэллэг нь мартагдаж хэрэглээнээс хасагдаж буй хуучны ховор нандин үгсийг шүүж бичсэн (орчуулсан) нь уншихад урамтай. Ла Паз хэмээх тосгоны нэр нь Эрх чөлөө гэсэн утгатай ба тосгоны ард иргэдийн аж байдал хийгээд үзэл бодол нь эрх чөлөөг хүсэмжлэвч үл эдлэхийн гачланд оршино. Энэ нь зохиолыг унших зуурт их зохиолч Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгт гардагчлан "...Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй" хэмээн сэтгэх энгийн тарчиг амьдралдаа дадсан иргэдийн нэгэн насны үл анзаарагдам оршихуй шингэсэн мэт санагдаж байлаа.
Номыг Англи хэлнээс Баасанжавын Минжбадамгарав эх хэлнээ уран яруу орчуулан буулгаснаар монгол уншигчдад 2024 онд толилуулах үүд нээгджээ.
Saturn Writing
2024.11.15