2025-01-28
ХӨВГҮҮН ИРЛЭЭ


Хан Ганы “Хөвгүүн ирлээ” бол нэгэн хэмжээст өнцгөөс долоон өөр хүний түүхийг өгүүлснээрээ тун онцлог бичвэртэй хүүрнэл зохиол. Өөрөөр хэлбэл улс төрийн золиос болсон өөр өөр насны, эрэгтэй, эмэгтэй долоон хүний тухайн үеийн сэрэл мэдрэмж, сэтгэгдлийг би хүүрнэгчийн хэлбэрээр илэрхийлэн, агуулга болон утга санааг нэг үйл явдлаас урган гарсан үйлийн үрээр зангидан дүрсэлжээ.


Өмнөд Солонгосын Кванжү хотноо 1980 оны тавдугаар сард 9 хоног үргэлжилсэн бослогыг цэргийн хүчээр хэрхэн дарсан хийгээд тухайн үеийн нөхцөл байдал түүнээс улбаатай үйл явлын тухай уг зохиолд гарна. Онцгой хэрцгий цэргүүд байсныг үйл явдлын холбоосоор нарийн гаргасан нь зүрх зүсэм. Тэнд хэчнээн олон насанд хүрээгүй хүүхдүүд, орь залуу бүсгүйчүүд, бууны гох дарж ч үзээгүй идэр залуус хэлмэгдэж, хоморголон устгагдсаныг, ард үлдсэн ар гэрийнхэн нь, хожим хоригдож, ял эдлээд гарсан зарим хүмүүсийн үлдсэн амьдрал ямар дурсамжтай хоцорсныг хүүрнэнэ. Зохиолын дүрслэл нь маш харгис, ямар ч зөөллөсөн өнгө аясгүй шууд бодит нөхцөл байдлыг хүүрнэсэн нь гуниг, шаналалд зэрэг автуулж, далд ухамсарт нөлөөлөхүйц.

“Бяцхан шувуу”
Эхний бүлэгт бослогод оролцоноос болж хядлагад өртсөн хүмүүсийн цогцсыг бөөгнүүлэн таниулах ажилд дайчлагдсан Дунху хэмээх 15 настай хүүгийн тухай гарна. Хүүгийн бодол нь ямар гэнэн цайлган гээч. Тэрээр үхсэн хүмүүсийн дэргэд лаа асааж тавихдаа айдсаа дарахын тулд сүнс нь “бяцхан шувуу” болоод нисдэг хэмээн өөртөө итгүүлнэ. Дунхугийн түүх дэндүү гунигтай. Тэр хүү зөвхөн хүүр хадгалахад дайчлагдаж байсныхаа төлөө буудуулж амиа алдана.

“Хар амьсгал”
“Хүн үхэхээр сүнс нь хаачдаг юм бол” гэсэн асуултад энэ бүлэг хариулт өгөх шиг. Сүнс биеэсээ холдож чадахгүй хэд хоноод дараа нь соронздон татаж байсан бүхэн гэнэт тайлагдах шиг чөлөөтэй болж буй тухай амь үрэгдсэн өөр нэг хүүгийн түүхээр дүрсэлжээ. Гэвч биегүй тэр сүнс одоо хаачих вэ, түүний бие үгүй тул хайртай бүхэн нь ч бас биетэй нь хамт үгүй болжээ.

“Долоон хацар”
Тухайн үед зохиол бүтээл бичиж туурвина, түүнийгээ олны хүртээл болгоно гэдэг нь өөрөө ямар чанд хатуу шүүлтүүр, хяналт цагдалтын дунд өрнөдөг байсныг энэ бүлэгт өгүүлнэ.

“Төмөр ба цус”
Энэ хүртэл би зохиолын үйл явдалд орохдоо тийм ч эмзэглээгүй байжээ. Харин энэ бүлгээс эхлэн гүн хямарч, номын хуудсыг нэг эргүүлж, нэг тавьж, унших явц ч удаашрав. Сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд байдалд оруулсан нь энэ бүлэг байв. Зүгээр бослогод оролцож явахдаа буудуулаад үхчихсэн нь илүү амар байж дээ гэсэн бодлыг амьд үлдэгсдийн зовлон шаналлаас мэдэрч эхлэв.

“Шөнийн нүд”
Өгүүлж буй түүх нь ямар олон залуу бүсгүйчүүдийн амь амьдралыг үгүй хийснийг энд гэрчилнэ. Үйлдвэрт ажиллаж байсан идэр залуу эмэгтэйчүүдийг хоморголон ачаалж баривчилсныг, тэднийг хүний санаанд багтамгүй яргалж зовоож байсныг, эцэст нь насан туршдаа бие, сэтгэлийн шархаа тээсээр ганцаардан амьдарсан харуусам түүх энд гарна.
“Амьдрал бодит байдалд ойрхон байх тусам зүүд тэгтлээ айдастай биш. Нойр улам л нимгэрнэ. Тамхины цаас шиг нимгэрч шаржигнан эцэст нь сэрнэ. Хар дарсан зүүд бол  юу ч биш гэдгийг ухааруулах дурсамжууд толгой дотор минь чимээгүйхэн хүлээж байна.”

“Цэцэгс дэлгэрсэн талаар”
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр уршиг нь тухайн цаг үедээ үлддэггүй, үеийн үед дамжин тахал мэт халдварладаг болохыг уг түүх харуулна. Хүүгээ алдсан эхийн шаналлыг энд хүүрнэх аж.
“Цасанд дарагдсан гэрэл”
Зохиолч Хан Ган номын төгсгөл бүлэгт өөрийнхөө бага насны дурсамж дээр тулгуурлан зохиолын нэг дүрийг өөрөөрөө төлөөлүүлэн дүрсэлжээ. Уг түүхийг бичихээр зориг шулуудан хуучин амьдарч байсан тосгондоо ирж буй зохиолч эмэгтэй бол тэр өөрөө бөгөөд хэлмэгдэж амь насаа алдсан хүүгийн ахаас түүхийг нь бичих зөвшөөрөл авч буй нь зохиолын эхэнд гарсан Дунху хэмээх хүүгийн ах юм.

 
“Зөвшөөрөл гэнэ ээ? Мэдээж зөвшөөрөлгүй яах вэ. Харин оронд нь маш сайн зохиол болгож бичих хэрэгтэй шүү. Хэн ч миний дүүг дахин харааж зүхэхгүйгээр бичээрэй.”
 


Төрийн эргэлтийг, ардчиллыг хүссэн оюутан голдуу залуусын тэмцэл ямар харуусалт түүхийг үлдээснийг уг зохиолын хуудас бүрт шингээхийг зорьжээ. Амиа алдагдсын тоог одоо ч нарийн гаргаж чадаагүй байгаа гэдэг. Лав хоёр мянга орчим хүний амь нас яригдах улс төрийн хэлмэгдүүлэлт байжээ. Үнэхээр цусаар бичсэн түүх юм санж. Уг номыг унших зуурт улс бүрт л яг ийм харгис яргалалтай, ядуу тарчиг иргэдийг мөлжин хавчсан гунигт түүх байх юм даа гэсэн бодол сэтгэл үймүүлж байв. Бидний өвөг дээдэс ч мөн олон мянгаараа мал шиг хядуулж байсан 1930-1940-өөд оны их хэлмэгдүүлэлтийн он цагийг хойч үеийнхэн бид мартах учиргүй. Тэдний амь, амьдралаа зольсон гашуун дурсамж дээр бидний өнөөгийн нийгэм оршин бий болсон гэдгийг ямагт санах ёстой юм. Манай Монголын түүхийг өгүүлсэн уран зохиолын номуудад ихэвчлэн хувьсгалыг бүтээхэд гар бие оролцсон, нэр алдар нь түгсэн баатруудаар гол дүр хийсэн байдаг бол “Хөвгүүн ирлээ” зохиол нь хэний ч мэддэггүй, магадгүй түүхийн хуудас эсвэл ойр дотны хэн нэгэн хүний дурсамжаас өөрөөр үлдээгүй бүдгэрсэн энгийн иргэдийн төлөөллөөр гол дүрүүдээ зохиомжилсон нь анхаарал татна.



Миний хувьд уг зохиолыг арваад хоногийн өмнө уншиж дууссан ч буулгаж бичих зориг хүрэхгүй явсаар өнөөдөрт тулав. Хүнд ном шүү, эмзэг мэдрэмтгий хүмүүс уншихгүй байсан нь дээр. Тиймээс утгыг нь бүлэг тус бүрээр нарийвчлан илэрхийлэхийг зорив оо.


2025.01.28
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 14:43 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax