2025-02-20
АРАНЗАЛ ДАРВУУЛТ ХӨЛӨГ


Хүнд хэзээ нэгэн цагт заавал биелүүлнэ гэж төлөвлөсөн хүсэл мөрөөдөл байдаг бол түүнийхээ төлөө тууштай байх нь л чухал болохыг уг зохиолын өгүүлэмжээс олж харлаа. "Аранзал дарвуулт хөлөг" хэмээх нэрнээсээ л их далайн нам гүм хийгээд исгэрэх давлагаан сүр хүчийг зураглан төсөөлөх мэдрэмжид автуулна. Идэр залуу насны гал халуун хайрын түүхийг үлгэр мэт өгүүлэн хүүрнэжээ.

Ассоль бол өөрийг нь гадуурхагч хүрээлэл дунд түүнийг үл ойшоох түмэн харцанд сүлбүүлж, гуниг ганцаардалтай тэмцэн, эсэргүүцэлтэй тулалдан ургасан цэцэг юм. Грей бол балчир насны төсөөлөлдөө зурагласан хүслийн ертөнцөө бодит болгохоор алсын аяныг зорьж, асар их хичээл зүтгэлийн хүчээр мөрөөдлийнхөө үзүүрээс атгах боломжийг өөртөө олж авсан эрмэг залуу юм. Хэн нэгэнд таалагдах гэж хуурмаг дүр эсгэхгүй амьдрах замыг сонгох нь хүнийг гадуурхлын ертөнц рүү түлхдэг болохыг Лонгрений дүр гэрчилнэ. Зохиол бүхэлдээ хөнгөн өгүүлэмжтэй, бичвэр нь уран хөвөрсөөр дуусах ч утга агуулга нь гүн гүнзгий, өгүүлэмж нь сэтгэлд дулаан. 

"Сэтгэлийн дотор нар мандав. Ассолийг нүдээ нээхэд завины бүүвэйлж, усны гялтганаж, хөлгийн сүртэйеэ эргэсээр ойртож байгаа нь туяа сацрах ханан дээр нарны гэрэл наадан байх мэт, гэрэл ус хоёр туналзан үзэгдэх зүүд мэт санагджээ. Хивсээр бүрхэн чимсэн тавцан дарвуулын улаан туяанд умбан байхыг харахад хурмастын цэцэрлэгт ороод ирэв үү гэлтэй байлаа. Грэйн хүчит гарт тэврүүлэн шатаар яаж гарч ирснээ ч Ассоль мэдсэнгүй."


Зоримог шийдвэр гаргах чадвар нь боломжийг атгах гол түлхүүр болохыг Грэйн хийж буй үйлдэл бүхэн харуулна. Тууштай, тэмүүлэлтэй байх нь хэзээ нэг цагт шагнал болж хариу нь ирдэгийг Ассолийн мөрөөдлийн ертөнц илэрхийлнэ. Хэрэв та гуниглан ганцаардаж яваа бол, хэн нэгний  хайр халамжийг үгүйлэн гансарч суугаа бол, магад ирээдүйн мөрөөдөл төсөөллөө хий хоосон хэмээн шантарч байгаа бол энэ номын хуудсыг эргүүлээд үзэхэд илүүдэхгүй биз ээ. Дурлалын гал халуун илч, дулаан халамж дүүрэн ном гэж үүнийг хэлнэ. 

Зохиолч Александр Грин уг зохиолоо өөрийн амьдралынхаа хамгийн хүнд хэцүү цаг үед бичсэн нь сонирхол татна. Хүн хичнээн хэцүү цаг үеийг туулж буй ч сэтгэл бодолдоо дэврүүн мөрөөдлөөр дүүрэн байх нь бусдад жигүүр ургуулах шидтэйг түүний зохиолоос мэдэрч уншив. Үгийн яруу, утгын сайханд урамшин уншиж дуусаад эрхэм Г.Аким гуайн орчуулга болохыг мэдлээ.


2025.02.20
Saturn Writing

Бичсэн: Боргоцой | цаг: 10:50 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax