2025-05-30
ЖАМИЛЬ


Хүн бүхний хайр өөр өөрийн өнгөтэй.

Илчилж үл зүрхлэх ч харцаараа бүхнийг ярилцах догдлол дүүрэн, гэгээн ариун хайр.
Өр зүрхний гүнээс өрөвдөн хайрлаж, санаа чилээн хүлээх эхийн хайр.
Дэврүүн, томоогүй насны гэнэн цайлган, анхны хайр. 

Зохиолд нас насны хайрын түүхүүд гарах боловч бүгд нэг хүний дүрээр зангилагдана. Жамиль хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хайрын түүхээр хөрвүүлэн түүний дурлалт эр, өгүүлэгч өсвөр насны хүү, цэрэгт мордсон нөхөр, хадам ээжийн өөр өөрийн хайрын түүхийг хүүрнэнэ.

Зохиолын үйл явдал Киргизтсаны тал нутгийн намар цагт өрнөх бөгөөд хөдөө нутгийн айлуудын их ажил, дайны он жилүүдийн хүнд бэрх, цэрэгт мордсон эрсийн ар гэрийнхэний хүлээлтийг өнгө будаггүй энгүүн хүүрнэн өгүүлжээ.

Ээж минь ахын захидал бүрийг надаар хэд дахин уншуулаад, бага зэрэг чичирхийлэх гараараа их л нямбайлан авч, гараас нь мултран нисчих гээд байгаа шувуу шиг эв хавгүй барина.

Дайны он жилүүдэд хүүгээ хүлээсэн олон ээжүүдийн дүрийг энэ өгүүлэмж тод томруун харуулна. Хадам ээж нь Жамилийн нөхрөө хүлээх сэтгэлийг нь хатамжлан дэмнэхийн тулд эрх дураар ааш авирыг нь хүртэл ойлгон халамжилна. Харин Жамилд түүний нөхөр Садикаас ирдэг захидал ээжийнх нь хүлээлт шиг догдлол үл төрүүлнэ. Захидал бүхнийхээ төгсгөлд нэрийг нь дурдан мэнд мэдэх нь гомдол хурах нэгэн сэжүүр болсон мэт. Идэр залуу, үзэсгэлэнт бүсгүйг эргүүлж хоргоох эрчүүд мундахгүй. Омголон, эрс шулуун ааш авиртай Жамилийн харцанд харин өртөж тоогдох нь үгүй. Хэн бүхнийг үл тоомсорлох бүсгүйн сэтгэл зүрхийг бүрнээ эзэмдэх нэгэн увдис хөг эгшиг нь нийцсэн аялгуут дуунд байсныг уг түүхийг өгүүлэгч хүү Сеит хуучилна.

"Намайг ихэд гайхшируулсан нэгэн зүйл нь түүний аялгуунд шингэсэн чин зүрхний хүсэл тэмүүлэл, асан дүрэлзсэн дотоод сэтгэл байлаа. Чухам үүнийг амилуулан гаргаж байгаа нь хүний хоолой юу, аль эсвэл хүмүүний голт зүрхний угаас ундран гарахдаа нөгөө хүний сэтгэлийг яг адилхан хөндөж, хамгийн эмзэг бодлыг нь амилуулж чадах увдис бүхий ер бусын гайхамшигтай өөр нэгэн зүйл байв уу..."

Дайнаас хөлөндөө хүнд шархтай ирсэн Даниярын зүрхний угаас уудлан дуулах хөг эгшиг, харцаараа бүхнийг хэлэх дотогшоо дуугуй төрх нь Жамилийн зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэнэ. Зохиолын төгсгөлийг үл өгүүлэн тэмдэглэлээ өндөрлөхийн учир уг номыг эрхэм уншигч өөрийн төсөөллөөр дүгнэн шимтэн унших нь илүү амттай гэж сэтгэнэм.



2025.05.30
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 21:05 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax