2025-05-30
ЖАМИЛЬ


Хүн бүхний хайр өөр өөрийн өнгөтэй.

Илчилж үл зүрхлэх ч харцаараа бүхнийг ярилцах догдлол дүүрэн, гэгээн ариун хайр.
Өр зүрхний гүнээс өрөвдөн хайрлаж, санаа чилээн хүлээх эхийн хайр.
Дэврүүн, томоогүй насны гэнэн цайлган, анхны хайр. 

Зохиолд нас насны хайрын түүхүүд гарах боловч бүгд нэг хүний дүрээр зангилагдана. Жамиль хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хайрын түүхээр хөрвүүлэн түүний дурлалт эр, өгүүлэгч өсвөр насны хүү, цэрэгт мордсон нөхөр, хадам ээжийн өөр өөрийн хайрын түүхийг өгүүлнэ. 

Жамиль туужийн үйл явдал Киргизтсаны тал нутгийн намар цагт өрнөх бөгөөд хөдөө нутгийн айлуудын их ажил, дайны он жилүүдийн хүнд бэрх, цэрэгт мордсон эрсийн ар гэрийнхэний хүлээлтийг өнгө будаггүй энгүүн хүүрнэсэн нь сэтгэлд дотно. 

Ээж минь ахын захидал бүрийг надаар хэд дахин уншуулаад, бага зэрэг чичирхийлэх гараараа их л нямбайлан авч, гараас нь мултран нисчих гээд байгаа шувуу шиг эв хавгүй барина.

Дайны он жилүүдэд хүүгээ хүлээсэн олон ээжүүдийн дүрийг энэ өгүүлэмж тод томруун харуулна. Хадам ээж нь Жамилийн нөхрөө хүлээх сэтгэлийг нь хатамжлан дэмнэхийн тулд эрх дураар ааш авирыг нь хүртэл ойлгон халамжилна. Харин Жамилд түүний нөхөр Садикаас ирдэг захидал ээжийнх нь хүлээлт шиг догдлол үл төрүүлнэ. Захидал бүхнийхээ төгсгөлд эхнэрийнхээ нэрийг нь дурдах төдийд мэнд мэдэх нь гомдол хурах нэгэн сэжүүр болох. Түүний нөхөр нь эхнэртээ хэзээ ч тусад нь хаягласан захидал үл илгээх бөгөөд захиандаа нэр дурдахдаа заавал дэс дараалалд оруулдаг зэрэг нь эцэг өвгөөс уламжилсан ёс журамд хэт баригдмал бурангүй цаг үеийг гэрчлэх мэт.



Тал нутгийн салхи шигээ омголон, эрс шулуун ааш авиртай Жамилийн харцанд өртөж тоогдох нь залууст өдрийн од шүүрэхтэй адил. Хэн бүхнийг үл тоомсорлох бүсгүйн сэтгэл зүрхийг бүрнээ эзэмдэх нэгэн увдис аялгуут дуунд байжээ. Хэзээд дээгүүр харцтай эрхэмсэг бүсгүйн зүрх сэтгэлд мөрөөдөмтгий, бяцхан охин нуугдан, даль жигүүрээ дэлгэн нисэх мөчөө хүлээн хүлээсээр Даниярын сэтгэлийн гүнээ уудлан дуулах хөг эгшигтэй сүлэлдэн дэрвэх болно. Жинхэнэ хайраа олсон бүсгүй хэзээ мөдгүй дайны талбараас эргэн ирэх эр нөхрөө сонгох уу, хэзээ ч дахин учрахгүй үнэнч хайраа сонгох уу гэх хүнд шийдвэртэй нүүр тулна.

"Намайг ихэд гайхшируулсан нэгэн зүйл нь түүний аялгуунд шингэсэн чин зүрхний хүсэл тэмүүлэл, асан дүрэлзсэн дотоод сэтгэл байлаа. Чухам үүнийг амилуулан гаргаж байгаа нь хүний хоолой юу, аль эсвэл хүмүүний голт зүрхний угаас ундран гарахдаа нөгөө хүний сэтгэлийг яг адилхан хөндөж, хамгийн эмзэг бодлыг нь амилуулж чадах увдис бүхий ер бусын гайхамшигтай өөр нэгэн зүйл байв уу..."

Энэ номыг уншиж байхад бидний сайн мэдэх дэлгэцийн аугаа уран бүтээл Италийн уран сайхны кино "Малена"-гийн дүр төрх төсөөлөлд буусан нь гол дүрийн баатартай ижил төсөөтөй үйл явдал, зураглал багагүй байсантай холбоотой буй за. Юун түрүүнд Жамильд дурласан өсвөр насны хөвгүүн, хадам дүү Сеит нь уг түүхийг өөрийн сэтгэлд үлдсэн дурсамжаараа хуваалцаж буйгаар бичсэн нь дээр дурдсан уран сайхны киноны хүүрнэлтэй ижил төсөөтэй. Түүнчлэн гоо үзэсгэлэнт Жамиль цэрэгт явсан эр нөхрөө хүлээж буй журамт эмэгтэй боловч түүнийг өдөж хоргоох эрчүүд мундахгүй байх нь эгээ л сайхан бүсгүй бүхэнд тохиолдох хүндхэн сорилт, бэрхшээл гэлтэй. "Жамиль" туужаас сэдэвлэсэн уран сайхны гурван ч кино байдаг юм байна. 1969 онд Айтматов өөрөө кино зохиолыг нь бичсэн уран сайхны киног “Мосфильм” кино нэгтгэл бүтээсэн бол 1996 онд Германд мөн энэ туужаас сэдэвлэн ижил нэртэй хоёр дахь киног бүтээжээ. Мөн Францын найруулагч Мари Жауль Пончвилл “Тенгри” нэртэйгээр Жамиль туужаас сэдэвлэсэн киног бүтээсэн байна. 

Зохиолын төгсгөлийг үл өгүүлэн тэмдэглэлээ өндөрлөхийн учир уг номыг эрхэм уншигч өөрийн төсөөллөөр дүгнэн шимтэн унших нь илүү амттай гэж сэтгэнэм.



Казахстаны нэрт зохиолч Чингиз Айтматов "Жамиль" туужаа 1957 онд гучин насандаа туурвижээ. Уг тууж нь зохиолчийн Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байсан гэдэг. Туужийг Орос хэлнээс Сумъяагийн Жамбалдорж 1964 онд хөрвүүлэн монгол уншигчдад толилуулсныг Монсудар хэвлэлийн газраас хянан тохиолдуулж 2018 онд дахин хэвлэжээ.

2025.05.30
Saturn Writing
Бичсэн: Боргоцой | цаг: 21:05 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax