
Өөрийнхөө үнэн бодит, чин шударга гэж итгэсэн зүйлээ туйлбаргүй үнэн гэдэгт эргэлзэхгүй амьдарсаар үхэхийн аз зол хийгээд алдаа дутагдлыг эл ном өгүүлнэ. Наргил модны самраар хооллогч хүмүүсийг нэгтгэсэн эзэнт гүрэн байгуулж тэндээ зөвхөн наргил модны самрын бүх төрлийн үйлдвэрлэл явуулах чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн залуугийн дэврүүн мөрөөдлөөр зохиол эхэлнэ. Зохиолын баатар Энгельхардт амьтны гаралтай хүнснээс татгалзах үзэлтэй нэгэн бөгөөд өөртэйгээ ижил үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэн хамтдаа хүн төрөлхтөний түүхэнд шинэ нээлт хийхийг хүснэ. Наргил модны самар ургадаг эдлэн газар бүхий бяцхан арал худалдан авах тохиол түүнд олдсоноор өөрийн хүслээ биелүүлэх алтан боломж бүрдэх нь тэр. Түүний эдлэн газар хийгээд амьдралын хэмнэлийн тухай сониноос олж уншсан олон арван хүн түүнийг зорьж очих ч эцэст нь олноороо өлбөрөн доройтоход хүрнэ. Бодит байдал ийм байтал Энгельхардтын зохиосон номын борлуулалт цагаан хоолтнуудын дунд талх шил л зарагдах нь хоржоонтой.Төөрөгдөл дунд амьдарч буйгаа мэдэхгүй нэгэн насыг барах шиг төөрөгдөл гэж хүний амьдралд үгүй шиг. Итгэл үнэмшил бол бидний оршин байх үнэт зүйл мөн хэдий ч бодит ертөнцөөс алсарсан хэтийдсэн үзэл бодол, туйлширсан хүсэл тэмүүлэлтэй нэгдэхээрээ хэнийг ч ялгахгүй харанхуй ангал руу хөл алдахад хүргэх эрсдэлтэйг эргэцүүлж ухаарах нь чухал буй за. Ийм нэгэн бодол нэрж “Эзэнт гүрэн” хэмээх сүртэй нэртэй номыг уншиж жаргаалаа.
Бусдын дунд зохиолын гол баатар маань Есүс христийн эргэж амилсан дүр лугаа байх агаад бодит байдал дээр өөртөө итгэлгүйн илэрхийлэмж болох сандарсан үедээ эрхий хуруугаа хөхөх, үргэлж хумсаа мэрэх гэх мэт буруу зуршилтайг нь товойлгон дүрсэлсэн нь аливаа хүнийг өнгөц дүгнэлтээр даган дуурайж үл болохыг сануулах мэт. Зохиолын туршид Энгельхардт зөвхөн жимсээр хооллон амь зуусаар турж эцэж буйг дүрсэлсэн боловч адагт нь өөрийнхөө хурууг тайрч идсэнээр түүний нэгэн насны амьдрал тэмцэл, зорилго тэмүүлэл нь худал хуурмагаар дүүрэн байсныг гэрчилнэ.

Энд өөр нэг содон дүрийг шигтгэсэн нь Энгельхардттай жимсээр хооллогч гэж танилцан түүнийг залилж мөнгийг нь дээрэмдэн оддог Говиндаражан хэмээх эр. Зохиолын эхэн хэсэгт ядуу тарчигхан амьдрал дунд дурдагдаад өнгөрөх уг дүр зохиолын төгсгөл хэсэгт дахин гарч ирэхдээ ихээхэн баян чинээлэг нэгэн болсон байх бөгөөд Энгельхардттай анх танилцахдаа хийж байсан нөгөө л залилан мэхлэх аргаа хэрэглэсээр асар баяжсан байна. Тэрбээр өөрийгөө агаараар хооллогч хэмээн хүмүүст итгүүлж, уг луйврын аргаараа аялдан дагалдагч нараасаа өргөл барьц авсаар хөрөнгөжжээ.
Дээрх дүрүүдийг тодотгон дурдсаны учир нь өнөөгийн бидний нийгэмд өт хорхой мэт олширсон сэнхрүүлэн мунхруулагчдын дүр төрх бэлхнээ бууж буйгийн илрэл билээ. Мөн харанхуй мунхаг байх нь амьдралаараа өгөөш хийж, бусдын гарт зууш болох магадлалыг өсгөж байдгийг батлах мэт. Цахим хэрэглээ, сошиал медиа хүчээ авч, өөрийн оюун бодлоо тунгаах зав өгөхгүй өмнөөс тань хиймэл оюун ухаан шийдвэр гаргаж, өгөгдөлд суурилсан мэдээ, мэдээллийг шидэж өгч буй бидний нийгэмд ийм эрсдэл дүүрэн буйг эргэн нэг бодууштай.

Уг зохиол нь бичвэрийн хувьд асар урт хавсарсан нийлмэл өгүүлбэрүүдээр бүтсэн. Нэг өгүүлбэр нь бүтэн хуудас дамнах нь олонтаа. Ийм урт урт өгүүлбэр зүйг эх хэлнээ төвөггүй ойлгоход минь тусалж, Герман хэлнээс оруулсан Б.Ундрах, орчуулгын редактор Г.Сугиррагчаа нарт талархахгүй байхын аргагүй. “Эзэнт гүрэн” зохиол өдгөө дэлхийн 25 хэлнээ орчуулагдан олны хүртээл болжээ.Швейцарын зохиолч Кристиан Крахт уг бүтээлээ бодит түүхээс сэдэвлэн бичсэн нь сонирхол татна. Аугуст Энгельхардт хэмээх зохиолын гол дүрийн баатар нь бодит хүн бөгөөд Германы Нюрберг хотод төрсөн нэгэн ажээ. Түүний эрүүл хүнсний тухай сургаалийг нь дагасан олон хүн амь насаа алдсан гашуун түүх ч бий гэдэг.
2025.09.15
Saturn Writing