2025-10-06
ХОТ БА ТҮҮНИЙ ХИЙСГЭЛЭН ХАНА

Хүний хүсэл эрмэлзэл хийгээд оюун ухаан ихэнх тохиолд хоорондоо тэмцэлдэн зөрчилдөж, хэн хэндээ буулт үл хийх ч буруу эргэхэд нь зөв рүү чиглүүлж, буцаж халирахад нь татаж чангаасаар нэгэн биед оршин байдаг буй за. Яг л хайр нь гаднаа хал нь дотроо ханьсан нэгэн насыг үдэх ижил хосууд шиг л...
Өвөрмөц нэртэй уг номын агуулга нь хүсэл, хяслын зааг ба бодит байдал, төсөөлөл хоёрын тэнцэтгэл дээр жинлэж бичсэн зохиол мэт санагдлаа.

Зохиолын үйл явдал нь 17-хон настай залуугийн нэгэн ариун хайрын түүхээр эхлэх бөгөөд түүний үнэнчээр хайрласан охин нь гэнэт алга болсноор үйл явдал өрнөнө. Хайртай охин нь өөрийгөө жинхэнэ биеийнхээ сүүдэр болохыг тайлбарлаж, жинхэнэ бие нь өндөр ханаар хүрээлэгдсэн буйд хотод бий хэмээн өгүүлдэг байжээ. Гэтэл түүний хайртай охин гэнэт л ор мөргүй, хэл чимээгүй алга болно. Үүний цаад учрыг тэрээр найз охин нь өнөөх л “бие нь сүүдрээсээ салаад өөр газарт оччихдог” хэмээн үлгэр мэт ярьдаг асан хуучны хот руу гаа явсан гэж тайлна.
Тэрээр залуу идэр насны этгээд хүсэлдээ хэдийн босгосон төсөөллийн хот руу очих их хүсэлд автах ч хэрхэн, яаж явах, хаанаас хайхаа үл мэдэхийн шаналанд унах бөгөөд насан туршдаа хайртай бүсгүйгээ хүлээх сонголтыг хийхээс өөр замгүй бэдэрнэ. Зөвхөн оюун бодолд амилан бүтсэн уг хотыг олох гарц нь нэн бүрхэг боловч нэгэн сонин тохиолоор- зүүдлээд сэрэх мэт, эсвэл гэнэт унан ухаан алдаад эргээд сэргэх мэт өнөөх хотдоо хөл тавих болно. Үүнээс цааш зохиолын үйл явдал, өрнөлийг бичихээс татгазлан мэдрэмжээ хуваалцъя.
Уг номыг унших зуурт бодит гэж бидний ойлгож буй энэ нийгэм, бодит бус гэж нэрлэх өөр ертөнцийн зааг дээр хүний сүнс үнэхээр төөрөгдөн үлдэх тохиол байдаг болов уу гэсэн бодолд ээрэгдэн байлаа. Зохиолын үйл явдалд зүүд болон сүүдэр нь маш учир холбогдолтой үүрэг гүйцэтгэх тул эзэн бие нь хэн байхаас үл хамаарах төсөөллийн ертөнцөд өөрийн эрхгүй автав.
Нөгөөтэйгөөр “дотоод би” гэх нэгэн хүн бидний гүний гүнд оршин байдаг, тэр дотоод хүний чин хүсэл юунд тэмүүлнэ бид угтаа далд ухамсраараа тэр зүг рүү л хувь тавилангаа чиглүүлж байдаг шиг. Тэр өөрийнхөө гүнд нуугдах “би”-г олоогүй л бол нэгэн насны амьдрал тэр чигтээ утгагүй мэт хөвөрсөөр дуусах тохиол ч бий гэдгийг ойлгуулах мэт.
Хүний сүүдэр зөвхөн амьд гэдгийг нь мэдрүүлэх үүрэг төдий дагалдагч уу, эсвэл хүний дотоод “би”-г агуулах бие төлөөлөгч үү? гэх сонин асуултыг анх удаа өөрөөсөө асууж, эргэцүүлэн бодох орон зай үүсгэж үзлээ. Хүн зүүдэлж байхдаа сүнс нь өөр ертөнцийн амьдрал руу хийсэн оччихоод ирдэг үү?, сэрээд зүүдээ санах нь өөр ертөнцтөй холбогдох тайлал болдог уу? гэх өнөө хэр шинжлэх ухаанаар батлагдаагүй, хариулт нь тодорхойгүй асуултуудыг үлдээх үйл явдлаар арвин.

Ханаар хүрээлэгдсэн хотын дүрслэл нь маш өвөрмөц. Тэнд буй бүхэн цаг хугацаанд үл захирагдана. Хотын ханан цамхагт ч цагийн зүү байхгүй. Хотын хана хэрэм нь авирч үл чадах өндөр бөгөөд хүний оюун бодлыг унших чадвартай. Хана нь төсөөллөөр урган төлжиж, өөрөө өөрийгөө хөдөлгөн байршлаа солих этгээд увдистай. Тэр хотод орсон хүн эргэн гарах гэдэг байж боломгүй үйлдэл.
Хотын хана нь хүний сэтгэл зүйн төөрөгдөл, өөрөө өөртэйгөө зөрчилдөх төсөөллийн ханыг дүрсэлжээ. Хүн өөрийнхөө дотоод оюун бодолд чадахгүй гэх хана хэрэм босговол тэр хүн хэчнээн бие махбодоороо хичээгээд ч бэрхшээлийг даван туулах чадвар дутна. Харин оюун бодол, мэдрэмждээ итгэж, чадна гэх итгэлийг өөртөө бүрэн тээж чадвал ямар ч өндөр, ямар ч хувирч өөрчлөгдөх увдистай хүчирхэг ханыг ч сэтгэл зүйн хүчээрээ давж чадна гэх үндсэн санааг өгүүлэх шиг санагдлаа.
Зохиолч Мүраками Харүки уг зохиолынхоо анхны санааг 1980 онд бичсэн ижил нэрт өгүүллэгээс улбаалан шинэчилсэн бөгөөд түүний бодол санаанд бүтэн роман болон төлжтөлөө 40 жилийг үдсэн байна. Зохиолчийн тархинд өндөр ханаар хүрээлэгдсэн, зөвхөн түүний оюун бодлоор тэжээгдэн амилсан хотын балар хаалга 2020 онд л уншигчдад үүдээ нээжээ.

Чи зуны нов ногоон зүлгэн дээр сууснаа ч юу ч ярилгүй тэнгэр өөд ширтэв. Жижигхэн хос шувуу чих зүсэм дуу хадааснаа шулуун зураас татах мэт хөндлөн нисэж өнгөрлөө. Дэргэд чинь зэрэгцэн суумагц нүдэнд үл үзэгдэх мянга мянган мяндсан утас чиний биеийг миний зүрхтэй завсар зайгүй хэрэн холбож байх шиг хачин сэтгэгдэл төрнө.
“The City and Its Uncertain Walls” хэмээх зохиолын нэр нь Японоор “Хот ба түүний тодорхойгүй хананууд” гэж орчуулагдах ч монгол хэлний “хий биетэй, хийсгэлэн дүртэй” хэмээх хэллэгтэй дүйцүүлэн нэрийг нь монголчилж орчуулсан тухай "Монсудар" хэвлэлийнхэн тайлбар зүйжээ. Хэл найруулга, утга агуулгыг эх хэлнээ төвөггүй хөврөн унших хязгааргүй боломжийг С.Оюунбилэг эрхэм Япон хэлнээс орчуулан бидэнд олгожээ.
2025.10.05
Saturn Writing
Сэтгэгдэл бичих