2025-10-09
ӨГЛӨӨ



Уншиж буй номын хуудас дээр хуруун чинээ шаргал навч унах нь эх модод хучлагаа тайлж өвөлд бэлдэн буйг сануулах мэт. Өчигдрөөс энд жаахан сэрүү орж, өглөөний агаар жиндүүлэх аястай болжээ. Гэхдээ л тагтан дээрээ ном уншингаа байгалийг ажин, кофе шимж суухын амар тайвныг мэдрэхийн тулд жиндүү ч гэсэн гадаа суумаар санагдана.


Илч муутай туяарах зөөлөн нарны тусгалд нэгэн тунгалаг зүйл үл ялиг гялалзах нь нүдэнд тусав. Нарийн ажиглавал ямар уран шагласан болохыг нь гайхмаар хялгасан утаснуудыг нэгтгэн сүлжсэн тойрог хэлбэрт аалзны шүлс. Үүнийг саяхан урласан нь тодорхой. Эзэн нь энэ хавьд ойрхон байгаа даа...

Эндэхийн эзэн нь гэхдээ илүү өхөөрдөм, хайр татам бөгөөд сэрэмж өндөртэй нэгэн байдаг юм. Манайхыг нүүж ирээд удаагүй байхад тагт хавиар эргэлдэж явахтай нь таарсан л даа. Угаасаа энэ байрны нүх сүв бүхнийг тэр хэн бүхнээс илүү мэддэг болохыг нь хараад л ойлгосон тул нэг шоколадтай жигнэмэг хэдэн хэсэг болгон жижиглээд тагтны ирмэг дээр үлдээсэн юм. Түүнд бяцхан тал зассан арга гэх үү дээ. Өглөө бүр л ямар нэг идэх зүйл тагтан дээрээ үлдээдэг болсны ачаар эндэхийн эзэн нь надаас айхгүйгээр дэргэд ирээд бэлдсэн амттанг маань мэрж суух болсон. Гэхдээ их сонор сэрэмжтэй, ном уншин сууж буй намайг эхлээд ажиглана, гарт ойрхон байрлуулсан аягатай кофе руу сарвайх төдийд л идэж буй зүйлээ хаячихаад бултчихна. Тэгж байснаа хашлаганы цаанаас сэмээрхэн дахин харна, хэрэв би хөдлөхгүй бол буцаж тухалж аваад л мэрж гарна. Том алаг нүд нь зөвхөн над руу л харах хэр нь хуруу, хөл, ам нь үргэлжид завгүй. Тэр хэзээний л ийм байх ёстой мэт миний тавьсан хүнсийг гэртээ байгаа мэт зооглочихоод айл айлын тагт дамжин жороолж модны мөчир лүү үсрэн оддог. Тэгээд л би эндэхийн эзэн нь энэ бяцхан хэрэм болон түүний гэр бүлийнхэн юм байна гэж бат итгэх болсон.

Өнөө өглөө харин тэр харагдсангүй. Би аанай л хэдэн самар атгаж тагтны буландаа тавьсан ч ирж идсэнгүй. Ямар нэг золгүй явдал тохиолдоогүй байгаа гэж санаа зовох шинжтэй. Учир нь өнөө өглөө хүүгээ сургуулийн автобусанд суулгах гээд явж байх замд нэг бяцхан хэрэм яг унтаж буй аятай модны ёроолд хэвтэж байсан юм. Хүү эхлээд түүнийг харчихаад надад шивнэж хэлсэн. Мэдээж унтаж буй гэж харсан тул сэрээхийг бодсонгүй. Гэтэл ойртон гэтэж очсон биднийг ч анзаарч мэдсэн шинжгүй, яг л нэг байрлалаараа хэвтээд байсан. Дараа нь, түүнийг хоол нь ихдээд ч юм уу ухаан алдаад, бүр үхчихсэн байвал яана аа гэж бодлоо. Үгүй л байгаасай, ирж өнөөдрийн бэлдсэн өглөөний цайг минь амсаасай.



2025.10.09
Glenview, IL
Бичсэн: Боргоцой | цаг: 22:45 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax