
Би өөрийгөө намарт дургүй гэж боддог байлаа. Учир нь хүйтнийг, даарахыг юу юунаас илүү үзэн яддаг болохоор, намар надад удахгүй хүйтэрнэ, тэгээд өдөр бүр даарна гэх уйт хүлээлтийг мэдрүүлдэг болохоор таатай санагддаггүй байлаа. Гэтэл ертөнцийн өөр тивд ирээд налайсан урт намрыг үзээд бодол минь хэрхэн өөрчлөгдөхийг харан гайхаж сууна.
Намрын илчээ гээж буй бүүдгэр нарны туяа, эргэлдэн хийсэх алтан шаргал навчис нь тайтгарлыг мэдрүүлж, урт амьсгаа авч, өөрийнхөө тухай эргэцүүлэх боломжийг олгодог бололтой. Өөрийхөө тухай эргэцүүлэн бодно гэдэг нь л чухам хүн болж төрсний хамаг утга учир мэт санагдана. Би юунд тэмүүлж, юунд зорьж яваа билээ, миний эргэн тойронд баярлах талархах зүйл хэчнээн олон билээ, ижий аав минь надаараа бахархдаг даа, үр хүүхэддээ би дэлхий ертөнц нь, гишгэх газар, үлдэх мөртэй байхын сайхныг гээд ер бодож эргэцүүлэх зүйл мундахгүй. Өөрийгөө нээхийг, өөрийнхөө дотоод “би”-г тордон хайрлахыг зааж өгдөг улирал юм. Болно доо, болно гэх итгэл ар араасаа ундрах шиг л. Улиралд учир нь байгаагүй юм байна, хаана амьдарч байсандаа л гол учир нь байж. Буй бүхэндээ талархах мэдрэмжээ эргүүлэн олж авлаа.Намар хүн өөрийнхөө бодлын гүнд илүү шигдэж, мухрынхаа мухраас өөрийгөө эрж олох гэж тэмтэрдэг юм шиг.

Өнөөдөр Улаанбаатарт цастай байна. Хүмүүс анхны цасны зураг цахим хуудсандаа оруулж, өвөл айсуйг алсуураа мэдрүүлсэн зурагт постууд хөвөрчээ. Харин энд өчигдөр бороотой, өнөөдөр нарлаг дулаан өдөр эхэлж байна. Монголд байсан бол цас харж хэсэгтээ хөөрөн баясаад төд удалгүй өнөөх удахгүй хүйтрэх нь гэсэн айдаст бодолдоо дарагдан сэтгэл санаагаа хямрааж эхлэх байж дээ. Өвөлдөө зөвхөн хүйтэн л байдаг бол гуниглах шалтгаан биш, гэтэл өвлийн тэр тэсгим хүйтэн дээр утаа униар нь дийлдэшгүй агаарын бохирдол дунд аж төрөх шаардлагатай болдог нь бухимдал нэмнэ. Аз болоход энэ жилдээ ч болов агаарын бохирдол гээчийг үзэхгүй өвөлжих нь. Ирэх зүйлсийн төлөө урьдчилан шаналахгүй байхын амар амгаланг бас мэдэрч байна.Энэ улирлын өнгө нь нүд баясгаж, өгөөмөр ааль нь бодол уужруулдаг юм байна.
Баярлалаа, өгөөмөр намар аа.

Saturn Writing
........................
........................
Glenview, IL
2025/10/16
2025/10/16