2025-11-06
ИД, ЗАЛБИР, ХАЙРЛА

Ямар сүнслэг ном уншчхав аа?
Дотор уужирч, бодол ариусмаар гэгээн гэрлээр дүүрэн зохиол байна. Аманд уусах шоколадаа дуусгахгүйгээр амтыг нь удаан мэдрэхийг хүсэх шиг хүлхэж уншлаа энэ номыг.  Яавч нэг амьсгаагаар уншаад дуусгамгүй, нэгийг бодож хоёрыг эргэцүүлэн барьж, тавьж унших ном байлаа миний хувьд. Аравдугаар сарын нэгэн тод гэрэл байлаа- “Ид, залбир хайрла”.

Хүн өөрийн дотоод оюун бодолтойгоо байнга зөрчилдөх нь бие, сэтгэлийг хэчнээн шаналгаж туйлдуулдаг болохыг зохиолч өөрийн амьдралд тулгарсан саад бэрхшээлээр зүйрлэн илэн далангүй хүүрнэжээ. Хүн ямар ч амьдрал туулсан байлаа гээд зөвхөн бодлоо л өөрчилж чадвал бүх зүйл сайн сайхан болох боломж байдгийг зохиолын үйл явдлын зангилаасаар харуулав. Гэхдээ бодлоо өөрчлөх гэдэг ингээд бичих, хэлэх шиг амар зүйл биш гэдэг нь тодорхой. Хүмүүсийн нийтлэг дутагдал нь муу дурсамжийг мартах гэж насан туршдаа шаналах, алдаагаа уучлахгүй өөрийгөө үргэлж дотроо яллах, бусдад санасан өс, муу бодлоо дотроосоо зайлуулж чадахгүй өширхөх гэх мэт сэтгэл оюун бодолтойгоо зөрчилдөж, тэр дотоод маргаандаа бууж өгөх явдал байдаг юм байна. Ийм асуудлыг хэнд ч хор хөнөөлгүй даван гарах гол арга нь бясалгах (өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, байгаа бүхэндээ талархан хайрлах, сөрөг бодлыг үлдэн хөөх сэтгэлийн ариусал) болохыг уг зохиолын үйл явдлаас ухаж ойлголоо.


Зохиолын үйл явдал нь номын зохиогч Элизабет тогтворгүй гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй сэтгэлийн шаналлаа давж гарахын тулд аялалд гарснаар эхэлнэ. Аяллаа хайр дурлалын хот Италиас эхлүүлсэн түүний хувьд бүх зүйл шинэ содон, үлгэрийн мэт байна. Гэвч асуудлаас хэчнээн хол зугтлаа гээд өнөөх эцсийг нь үзэж нэг тийш шийдээгүй асуудал тань таныг гүйцээд ирдэг нь хоржоонтой. Итали хэл сурах их хүсэлдээ хөтлөгдөн уг хотыг зорьж ирсэн Элизабет дөрвөн сарын турш амтат хоол, аялал зугаалгыг шинэ хэл сурахтай хослуулан цагийг гайхалтай өнгөрүүлэх боловч сэтгэл шаналгасан асуудлуудаасаа ангижирч чадсангүй.
“...Йогчид, хүн дотоод сэтгэлээ нээн өөрийгөө хэн болохыг таньж чадахгүй байгаа нь зовлонгийн үндэс болдог гэж тайлбарладаг юм. Үхлээс айх, өнгөрсөн амьдралдаа харуусах, алдаа дутагдал гээд хүн бүр өөрийгөө бусдаас ялгаатай бодгаль гэж үздэг учраас өөртөө зовлон хураадаг ажээ.”
Түүний дараагийн зогсоол нь Энэтхэг. Тэнд алс бөглүү тосгонд бясалгалд суралцахаар очсон нь зохиолын гол баатрын хувьд өөрийгөө олох чухал алхам болно. Хүн ер нь ямар ч цаг үед өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрч түүндээ орон зай тавьж өгөх нь тулгарсан олон асуудлыг шийдэх гарц болдог бололтой.
 
“Гэгээрийн зам мөрийг хөөж байх үед бурхан тэнгэрт бага ч гэсэн ойртохын тулд өнгөрсөн амьдралаа зөнд нь орхиж, сэтгэлийн гүнд бугласан аливаа хорон муу санааг бүрмөсөн хаягдан хаях ёстой байдаг... хумхын тоосын чинээ атгаг бодол сэтгэл зүрхэнд сөрөг нөлөө үзүүлдэг.”

Элизабетийн аяллын эцсийн зогсоол Индонезийн Бали арал бөгөөд энд өмнө нь очихдоо танилцаж байсан нэгэн бөөг зорьж очно. Энд харин тэрээр бусдыг нөхцөлгүйгээр хайрлахын утга учрыг мэдрэх болно. Зохиолын үндсэн агуулгын хувьд “суусан цэцнээс явсан тэнэг дээр”, эсвэл “мянга сонсохоор нэг үз” гэхчлэн монгол зүйр үгнүүдтэй дүйх үйл явдлаар арвин. Харин үндсэн утга санаа, үйл явдлын нарийн утга зүйг ширхэгчлэн авч үзвэл хүний мэдрэхүйн болон хүртэхүйн орон зай нь ямар төсөөлөмгүй агуу болохыг нарийн чимхлүүр хүүрнэжээ.
 
“Амаа татаж сурна гэдэг нь өөрийн энергийг амаараа алдахаас хамгаалж, орчлон ертөнцийг дэмий хоосон үгсээр дүүргэхийн оронд амар амгалан, энх оршихуй, аз жаргалаар бялхуулах увдистай.”
Хүн бүрийн дотор бурхан байдаг. Тэр бурханаа олж харж, хайрлан шүтэж чадвал бэрхшээл бүхнийг эрхшээлдээ оруулах хүч хүн бүрд байдаг гэдгийг зохиолын агуулгаар сургах мэт. Номыг уншиж байх хугацаандаа нэг төрлийн бясалгалын төрөлд шилжиж буй мэт мэрдэмжид автаад байсан нь өгүүлж буй санаа нь сэтгэл татам, хүүрнэл нь гайхалтай энгийн байсантай ч холбоотой байж болзошгүй юм. Ямартаа ч сэтгэл санааг өргөх хүч уг номын агуулгад шингэжээ.
 
Таны эрдэнэс буюу таны төгс чанар угаасаа л таны дотор оршиж байсан юм шүү дээ. Харин энэ эрдэнэс гэж юу болохыг ойлгохын тулд та оюун ухааныг тань булингартуулагч аминч үзлийг ардаа орхиж, зүрх сэтгэлийн гүнд орших нам жим рүү уусан орох хэрэгтэй.


Энэ номыг уншихаас өмнө уг зохиолоор сэдэвлэн хийсэн Eat, Pray, Loveхэмээх кино байдгийг мэдэж байсан ч үзэх хүсэл төдийлөн төрж байсангүй. Харин номоо уншиж дуусгахтай зэрэгцэн киног нь ч бас үзсэн. Мэдээж кино нь номынхоо үндсэн агуулгыг гүйцэхгүй. Үйл явдлыг товчлохын тулд кино зохиол дээрээ Элизабетийн Фелиппетэй учирсан тохиол, Вариан хэмээх бэлэвсэн бүсгүйд хандив цуглуулж байшинтай болгож байгаа үйл явдлуудын ээдрээг хөнгөхөн харуулсан байна билээ. Гэсэн ч одоо номыг нь уншаад хэлэх гэсэн үндсэн агуулга санааг нь мэдэж байгаа миний хувьд киног ч бас сэтгэл зүрхээрээ мэдэрч үзсэнээ нуух юун.


Saturn Writing
2025.11.05
Бичсэн: Боргоцой | цаг: 02:05 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax