2025-11-14
ХАРАНХУЙН ДУНДАХ ИНЭЭД



ҮЙЛИЙН ҮР

Зохиолын өгүүлэмж нь гишгэсэн мөрөө харж амьдрахыг хэн бүхэнд сургах шиг. Үйлдэн буй бүхэн эргээд сайн, муу алин болохыг тааж мэдэхгүй ч ямар нэгэн төлөөстэй байдгийг уг зохиолын үйл явдал тод томруун дүрсэлжээ. Эхнэрээ хуурч, араар нь тавиад зогсохгүй аавыгаа харуусан санасаар бэтгэрч, эцэст нь хатгалгаа өвчнөөр өөд болох охиноо ч үл хайхран орхисон эрийн эрээ цээргүй амьдралын гашуун түүхийг энд дүрсэлжээ.

Зохиол эхлэхдээ л өөрт нь хайргүй хүнээс болж өөрийг нь хайрладаг бүхнийг орхих шийдвэрт хүрсэн нэгэн эрийн амьдралын сүйрлийн тухай өгүүлэх болно гэдгээ зохиолч шууд хэлчихсэн нь эрс шийдэмгий бөгөөд шударга өгүүлэмж байлаа. Хүмүүс хүний мууд дуртай байдаг гэдэгчлэн, агуулгыг нь мэдэж байгаа ч яг юу болсныг нь нарийвчлан хүүрнэвэл дуртай л байх болно гэж ёжлон эхэлсэн хүүрнэл нь цаагуураа бас нэгийг бодуулах шиг. Үйлийн үр хаалга андуурдаггүйг нотолсон үйл явдлууд эндээс хөвөрнө.



УРВАЛТ
Энэ ном урвалтын тухай бараг хичээл заах шиг л санагдлаа, уншигч миний хувьд. Эхлээд зохиолын гол баатар Альбинус хэмээх дунд эргэм насны, чинээлэг эрийн дурлалын түүхийг хүүрнэнэ. Түүнийг гаднаас нь харахад тогтсон гэр бүл, урлаг соёлын ажил мэргэжилтэй нь уялдах томоохон хүрээлэл гээд дутуу зүйл үгүй мэт. Гэвч сэтгэл зүрхнийх нь галыг асаах жинхэнэ тачаангуй нэгнийг олох хүртлээ тэр өөрийнхөө амьдралд ч сэтгэл хангалуун амьдарч иржээ.

"Ингэснийхээ төлөө дүүжлүүлнэ гэдгээ мэдсэн ч, би түүн рүү харсаар л байх болно"


Өөрөөс нь бараг үе мултрам дүү жаахан охинд сохортлоо дурласан нь түүхийг жинхнээсээ хараагаа алдахад хүргэдэг нь амьдралын тохуу гэлтэй. Өөрт нь ямагт үнэнч явж ирсэн эхнэрээ орхиж, өөрийнхөө охиныг ч үл тоомсорлон хаясан нь зохиолын гол баатрын амьдрал орвонгоороо эргэхийн дөнгөж эхлэл болно. Хайрт амрагийнхаа хүссэн бүхнийг гүйцэлдүүлэх гэж цаг наргүй зүтгэх Альбинус эцэстээ өөрөө урвалтын хохирогч болсноор зохиол төгсөнө. Гоо сайхны төгс илэрхийлэл хэмээн Албинусын итгэдэг жаахан амраг Марго бүсгүй нууц амрагтайгаа нийлж Альбинусын амьдралыг ёстой сүйтгэж өгөх нь тэр. Урвалтын үнэнийг мэдсэн ч итгэж чадахгүй байхын шаналанд унах нь хүнийг амьдрах хүсэлгүй болтол, эсвэл өөр хэн нэгний амьдралыг үгүй болгох хүртэл санаа амрахгүй болтол зовоодог бололтой.



ХҮНИЙ МӨС


Альбинусын хүргэн ах Полын дүр бол ёстой хүний мөсийг утгаар нь харуулсан дүр. Дүүгээ нөхрөөсөө салахад гэртээ байлган тэтгэснээр түүний сайн чанар илэрхийлэгдэж дууссангүй. Дүүг нь араар нь тавьж хуурсан, бүр зээ дүүг нь ч үхэхэд хүргэсэн байж болох эрийн амьдрал нүдэн дээр нь хэрхэн сүйрч байгааг ёжтой хараад баясаж суух атал Пол тэгсэнгүй. Альбинусыг хараагаа алдсаны дараа Полын аврахаар очдог хэсэг үнэхээр сэтгэл догдлуулам. Зохиолын энэ хэсэгт Элизабетийн хувиршгүй хайрыг ч олж харна.

Өдгөө дотор нь амьдрах болсон юу ч үл нэвтрэх хар бүрхүүл нь түүний бодол санаа руу хатуу дэг журам болоод өгөөмөр уужуу аяс шинжийг хандлан байвай. Хамгийн огцом эргэлт дээр гэнэт л унтарч орхисон өмнөх амьдралаас нь харанхуй түүнийг зааглана. Одоо дурсамжууд л түүний оюун санааны тайзыг дүүргэж байлаа.”


ХӨНДӨХ СЭДЭВ

В.Набоковын зохиолуудад яагаад өсвөр насны охидын садар самуун явдлыг дүрсэлсэн байдгийг ойлгохгүй юм. Нөгөө талаас хижээл насны эрс ч мөн адил бараг өөрийнх нь хүүхэд ч байж болох жаалхан охидод шунан дурлаж, хүсэн тачаадаж явдгийг илчилсэн агуулга түүний алдарт “Лолита” төдийгүй “Харанхуйн дундах инээд” бүтээлд нь ч шингэснийг бодоход эх зохиолч маань өөрөө тийм атгаг бодол агуулж явдаг эсвээс тийм этгээд хорон бодол тээгчдийг эсэргүүцэн тэмцэгчийн алин ч байж болохыг дэнслэхийн аргагүй.

Сэдвийн хувьд бидний хөндөх дургүй ч өдөр тутмын амьдралд хаа сайгүй тохиох этгээд, хорон үйлдлүүд, ихэвчлэн далд үүрлэсэн асуудлыг нээн харуулснаараа онцгой. Бичвэрийн хувьд ямагт чамин бөгөөд егөөтэй дүрслэлээрээ гайхуулах тул нэг уншаад эхэлсэн л бол бушуухан дуусгаж байж санаа амрах зохиол байлаа, миний хувьд.


Saturn Writing
2025.11.13

 
Бичсэн: Боргоцой | цаг: 03:26 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax