
Урин дулаан дурсамжаас хөвөрдөж, хайр дүүрэн дурдатгалыг өгүүлэх “ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР”.
Хүний амьдралын хамгийн дурсамж дүүрэн цэгээс зохиолын үйл явдал эхэлж яг л тэр гэгээн хайрынхаа хүчээр насан туршдаа аз жаргалаа өрдөж буй хоёр хөгшиний өнөөгийн аж амьдралыг уг зохиолд хүүрнэнэ. Зохиолын үйл явдлыг тэмдэглэлийн дэвтэр дээрх хэн нэгний дурсамж дурдатгалыг уншиж өгөх, сонсож суух нас өндөр эрэгтэй, эмэгтэй хоёрын дүрслэлээр хүүрнэсэн нь сэтгэл татам. Тэд Ноа, Элли хоёрын мөнхийн үнэнч, гэгээн ариун хайрын түүх, тэдэнд учирсан саад бэрхшээлийг даван туулж буй ээдрээт хувь тавиланг шимтэн уншина. Энэ бол тэдний өөрсдийнх нь түүх юм. Дурсамж бүрийг нь гэрчлэн үлдсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудас бүрээс хайрласан бол бүү харамс, хайртай юм бол түүнийхээ төлөө тэмц гэж итгэл дүүрэн шивнэх мэт ээ.
САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ, ОЛДВОЛ БҮҮ АЛДААРАЙ
Ноагийн дүр бол хайртай байх нь үйлдэл юм гэдгийг маш тодорхой харуулсан дүр. Эхнийх нь тэр мөрөөдлийн байшингаа өөрийнхөө хүчээр босгож чадсан. Хөрөнгөтний давхаргын эмэгтэй бүх зүйлээ орхиод, тэр бүү хэл сүйт залуугаа хүртэл хаяад буйд тосгоны фермер залуу Ноаг сонгох болсон шалтгаан нь ердөө тэр. Эллигийн мөрөөдлийн гэрийг Ноа бүтээсэн байв. Амар тайван, аз жаргалтайгаар урт удаан амьдрах гэр. Элли хэрэв сүйт залуу Лонтойгоо суусан бол элбэг хангалуун амьдрал түүнийг хүлээж байсан ч Ноагийн түүнд өгдөг шиг халамж, анхаарлыг юутай ч зүйрлэхгүй болохыг зохиолын өгүүлэмж маш тодорхой илэрхийлжээ.
Удаах нь Эллиг мартах өвчтэй болсон ч үргэлж дэргэд нь байж, харж хандсаар байх Ноагийн халамж. Хайр харцанд, үйлдэлд, сэтгэлд байдгийг тэдний харилцаа харуулна. Мартах өвчтэй ч насан турш хайрласан залуугаа эргэн санаж буйгаар зохиол төгсдөг нь (хэдийгээр энэ нь анагаах ухааны хувьд боломжгүй ч) зөвхөн хайрын хүч гэлтэй. Ноагийн нүд Эллиг үргэлж залуу үзэсгэлэнтэй чигээр нь харж, хэзээд хайрлан энхрийлсээр байх нь гайхалтай. Хүн хэчнээн хөгширч, арьс нь үрчийж, үс нь бууралтаж, алхаж гишгэж чадахгүй болсон ч, тэр бүү хэл бүх зүйлийг мартаж, хань, үр хүүхдээ санахгүй байсан ч хамаагүй хувиршгүй хайраар хайрласаар байхын тэнгэрлэг хүчийг энд өгүүлнэ.

МӨНХИЙН ХАЙРЫН ТҮҮХ
Зохиолын өгүүлэмжийн хувьд энгийн нэгэн романтик хайрын түүхийг хүүрнэх ч хүний харилцааны хамгийн нандин мөчийг маш чимхлүүр гаргаснаараа онцлогтой. Бичвэрийн хувьд ч мөн хөнгөн, уншууртай. Уг зохиолоор сэдэвлэн бүтээсэн "Notebook" хэмээх киног нь үзсэн хүмүүс олон биз ээ. Уншигч миний хувьд номыг нь уншаад киноны гол дүрийн жүжигчдийг маш оновчтой сонгосон болохыг хүлээн зөвшөөрсөн.
Эцэст нь, надад үлдсэн сэтгэгдэл: ямар төгс хайр вэ, ямар ариун нандин, үл хувирам, үл хуучрам, тэгээд гэгээн гунигтай юм бэ?...
2025.11.21
Saturn Writing
бичлэг
