2026-01-23
БҮЙЛС


Сэтгэл хөдөлгөх зүйл тохиолдоход бид бодож амжихгүйгээр ямар нэг үйлдэл автоматаар хийдэг шүү дээ. Бишрэхдээ уулга алдах, сандрахдаа алганы хөлс гарах, сэтгэл гутрахдаа уйлах, баярлахдаа инээх...


Чухам энэ бүхэн хүнд ямар үүрэгтэй юм бол гэж та бодож үзэж байсан уу? Би л хувьдаа “Бүйлс”-ийг уншихаас өмнө нэг ч удаа ийм асуулт өөртөө тавьж байсангүй. Чухамдаа хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлөө илэрхийлж, гаргаж, боловсруулж, түүгээрээ харилцан ойлголцож, ярилцаж чаддагаараа бусад амьтдаас гойд ялгардаг байж ч болох юм. Хүний бүйлсэн тархи гээч алмонд буюу бүйлстэй ижил хэлбэр, хэмжээтэй эд байдаг байх нь. Тэгвэл бүйлсэн тархи нь төрөхдөө л хөгжилгүй байвал ямар хүн болох бол? Гамшиг тохиолдоход түгшүүрийн дохио ажиллахгүй байхтай л ижил юм даа. Аймшигтай явдал харчихаад айж гэрэвшихгүй, эмгэнэлт зүйл тохиолдоход гуниглахгүй байх нь тухайн хүнд төдийгүй ойр дотныхонд нь хэрхэн тусах бол? Надад бол төсөөлөмгүй байв. Уг зохиолыг уншаад төсөөлөхөөс илүү зүйлсийг ойлголоо.



ТАРХИ ЗҮРХЭЭ ДАГАДАГ.
Мэдрэмжээ таньж, илэрхийлэх аргаа мэдэхгүй ч энгийн хүүхдүүдээс илүү ухаалаг Юнжэгийн түүх энд өрнөнө. Түүнд тохиолдсон адармаатай, эмгэнэлт түүхүүдийг сэтгэл түгшин уншихдаа хүүгийн эргэн тойронд болж буй үйл явдал хийгээд хүрээлэн буй томчуудын сэтгэл зүйг ч давхар ажиглаж байв.
...Шим эмчийн царай барайснаа толгой дохив. Өөрийнх нь төлөө гуньж байгааг мэдвэл ээж лавтайяа баярлах биз. Ээжийн захиж хэлдэг байсан үгсийн нэг л дээ. Гунигтай байгааг минь хараад гуниглаж буй хүнд баярлах учиртай. Хасах хасахын нэмэх болдог шүү дээ.
Хүүгийн амьдралд сэтгэл зүсэм үйл явдал бишгүйдээ тохиолдовч азаар мэдрэмжээ таньж, илэрхийлж чадахгүй юм даа гэж уншигчийн хувиар эхлээд дотроо баярлаж байлаа. Өрнөл хэсэгт хүү ангийнхаа нэгэн охинд сэтгэл татагдаж эхлэхэд түүний энэ өвчин илаарших боломжтойг мэдэрч сэтгэлд гэгээ татав. 
Гүйгээд! Дора гараанаас гарлаа. Туяхан атлаа чийрэг хөл нь тоос манарган жирийлгэнэ. Тэр хамгийн хурдан нь. Яг л салхи шиг. Хүчирхэг атлаа сэвшээ зөөлөн салхи шиг...
Гэвч тайлал хэсэгт хүү өөрийнхөө найз болох муу нэр, гунигт түүхтэй Гон хэмээх хүүг аврахаар өөрийгөө золоислож байгаа хэсэг дээр үнэхээр их харамсал төрлөө. Гон бол бага балчиртаа аав, ээжээсээ төөрч, буруу замын хүмүүстэй нийлж, шоронд хүртэл орж үзсэн хүү. Гэвч ийм амьдралыг тэр хүсээгүй бөгөөд түүний дотор бусдыг хайрлан энэрэх чадвар нь байсаар байгааг зөвхөн Юнжэ л олж хардаг. Төрсөн аав нь ч Гоныг засаршгүй хулгиан л гэж бодно. Энгийн сэтгэхүйтэй хэн ч найзынхаа төлөө тийм их зориг гаргахгүй, Юнжэгийн хувьд найз гэдэг үхэхэд ч харамсахгүй амьдралынх нь хамгийн чухал зүйл болохыг ойлгосон нь эмзэглэм. Эцэст нь зохиол гунигтай төгсөөгүйд л маш их баярлалаа. Зовсны эцэст жаргах хувь тохиолыг номын зохиогч Сун Вог Пёнг гол бааатартаа өгчээ.

Хүмүүс хийж чадах юм байхгүй болохоор л холын зовлонг нүдээ аниад өнгөрөөдөг гэлцдэг ч хамар доор нь болж буй явдлыг хүртэл хараагүй л царайлдаг юм билээ. Ихэнх хүн өрөөлийн зовлонг мэдэрч чаддаг ч үйлдэл хийж гар сунгадаггүй.

Хүүхдүүд анх бүгд л гэнэн цагаахан төрдөг ч том болох тусам муу санаа сууж, юунаас айх, юунаас өөрийгөө хамгаалах, юунаас холхон явах учиртайгаа зөнгөөрөө ойлгож мэдэрдэг. Мэдээж энэ бол хатуу ширүүн амьдрал, олны хөлийн дунд учраа олж амьдрахад хамгийн чухал чадвар. Гэвч бүхнийг мэдэрдэг хэрнээ мэдрээгүй юм шиг, харсан хэр нь хараагүй мэт байж чаддаг болж өөрийгөө дасгадаг нь ч бас хүний чадвар гэлтэй. Бид зурагтын мэдээгээр гамшиг тохиолдсон улсын тухай үзэхдээ тухайн хүмүүсийн мэдэрч буйг төсөөлж чадах ч харуусал төрдөггүй, бүр нүдээ ч цавчлахгүй хүний гунигт түүхийг сонирхон үзэж чадна. Энэ нь хэр зөв үйлдэл юм бол...


Saturn Writing
2025/01/22
Бичсэн: Боргоцой | цаг: 03:51 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax