
Гэр гэхээр таны санаанд хамгийн түрүүнд юу бууж байна вэ?
Тухлах дуртай буйдан, кофены машин, магадгүй унтлагын өрөөний сүүн гэрэлтэй чийдэн гэх мэт чимхлүүр зүйл ч санаанд эхлээд бууж болох юм.
Хамгийн дотно, дулаахан мэдрэмжүүд гэр гэх үгэнд багтах учиртай ч юм шиг. Гэр- орон, гэр- сууц, гэр- гадаргуу хайрцаг гэсэн хэд хэдэн төрлийн утга илэрхийлэх ч угтаа нэг л үүрэгтэй үг.
Харин Англиар энэ үг дээр дурдсан эхний утгаараа home гэж орчуулагдана. Хэрэв гэр сууц гэвэл yurt, house, apartment гээд төрлөөрөө хуваагдах нь. Манайд бол тоонот гэр гэсэн үндсэн утгаасаа илүү амьдарч дассан газар гэдэг агуулгаараа илүү их хэрэглэгддэг.
Гэрээ санах гэдэг нь ч бас өргөн агуулгатай үг санж. Жишээ нь ажил дээрээ юм уу сургууль дээрээ удаан цагаар сууж хөдөлмөрлөөд гэртээ харихаар гарахдаа гэрээ санаснаа мэдэрч болно. Харин хүний нутагт бол гэрээ санах гэдэг эх орноо санахыг багтаасан утга илэрхийлнэ. Хүний нутагт “гэрээ санаж байна” гэвэл уул, ус, газар шороо, салхи, тэнгэр, ижий аав, найз нөхдөөс эхлээд амьдарч байсан барилга, байшингийн ойролцоох жижиг мухлагыг ч багтааж ойлгож болно. Тэгэхээр энэ үг ямар том, ямар хүчтэй үг юм бэ?...
Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн нэгэн алдарт шүлэг бий.
Гэрээсээ гараад сум орлоо
Гэрээ би саналаа,
Сумаасаа аймаг орлоо
Сумаа би саналаа,
Аймгаасаа хот орлоо,
Аймгаа би саналаа
Хотоосоо би хил давлаа
Эх орноо бүтнээр нь саналаа.
Энэ шүлэгнээс эх орон гэдэг гэр орон болохыг тов тодорхой илэрхийлсэн нь сэтгэлд дотно. Гүйгүүл морь шиг эргээд очих нутаг, хүлээж суугаа дотны бүхэн минь байгаа гэх бодол сэтгэлд гэгээ татуулах нь ч сайхан.

Glenview, IL
2025/02/10
бичлэг
