2026-04-21
ЭРГЭХ ХАВАР


Сэвэлзүүр салхитай, нар ээсэн намуухан өглөө эхэлж байна. Үүрээр орсон борооны чийг хатаж амжаагүй өглөөний нартай золгож, зүлэг ногооны үзүүрт бөнжигнөн тогтсон дусал нь наранд гялбана. Чийг даасан хөрсний цэнгэг үнэр агаарт шингэж сэтгэл татам мэдрэмж төрүүлнэ. Энэ үнэрийг удаанаар сорж, мэдрэх нь бодол цэлмээх шидтэй.




Моддын мөчирт дэлбээлж анхилсан бяцхан навчис салхинд зөөлөн намирах нь ямархан нэг бүжгийн хэмнэл мэт. Шувууд шулганалдан жиргэж, нэгээс нөгөө рүү нисэн буух агшинд тагтны дэргэдэх том моддын ёроолд хоёр хэрэм хөөцөлдөн тоглоно. Хавар иржээ. Ногоон, ягаан, шар, улбар тэгээд цэнхэр. Цэцэгс, модод, зүлэг тэртээх тэнгэр. Эндэхийн хавар нь дуу алдам үзэсгэлэнтэй агаад дуу аялам намуухан юм.




Тагтны сандал дээр өглөөний тэнгэр, моддыг ажингаа кофе балган суух энэ хормыг дурсамжиндаа зураглан үлдээх гэж мэдрэмжээ өнгөлж сууна. Бас Аюур зохиолчийн “Хөх дэвтэр”-ээс дурсамжийг нь сөхөн, ганц нэг хуудас эргүүлдэх нь өглөөний энэ мэдрэмжтэй уусан зохицож, надад жинхэнэ тансаглал төрүүлнэ.



Хүний амьдрал тэр чигтээ дурсамжийн цуглуулгаас бүрэлдэн тогтдог. Ирээдүй рүү тэмүүлэх хүсэл зорилго ч дурсамжийн шатаар өгсөж урагшилдаг. Иймийн учир эргэн санахад үргэлж таатай мэдрэмж төрүүлэх дурсамж илүү олныг бүтээхийг би хүснэ. Гишгэх мөрөө зөв тавьж, уулзан учирсан бүхэнд талархах сэтгэлтэй үлдэх л чухал юм байна. Үлдэх гэдэг нь тэр чигтээ дурсамж болно гэсэн үг. Тэр дурсамжийг санах ойдоо хадгалах уу, эсвэл баллуурдах уу гэдэг нь миний л сонголт. Яг л номын шүүгээгээ ангилан ялгаж, ахин уншихгүй гэсэн номнуудаа буулгаж, уншаад ч уйдамгүй үнэ цэнтэйг нь ахин өрж тавихтай адил. Дараа нь шинэчлэн өрсөн тавиураа хараад л суух нь ч жаргалтай байдаг шиг дурсамж яг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Дурсамжийг ч бас өрж тавьж, өнгөлөн зүлгэж, бүр өөр дурсамжуудтай холбон нэгтгэж, хооронд нь уялуулан шинэ дурсамж бүтээж болдог нь гайхмаар.  Тиймээс хожмын нэгэн өдөр эндэхийн хаврыг үзээд сэтгэлээ баясган сууснаа дурсахдаа цэнгэг агаараар нь дахин амьсгалж, цэлмэг тэнгэрээс нь адис авна даа гэж сүсэглэн сууна. Энэ мэдрэмжээ мартахгүйн тулд энд ч бас эрээчээд үлдээе.


Saturn Writing

......................
2026/04/21

Glenview, IL

 
Бичсэн: Боргоцой | цаг: 23:27 | тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax