2026-07-28
АЛХИМИЧ ~ THE ALCHEMIST


Мөрөөд, томоор мөрөөд. Түүндээ хүрэхийн тулд тэмц, шантарвал хэсэг азнаад дахин эхэл. Үүнээс цаашаа зам үгүй мэт санагдвал зогсоод эхнээс нь бүхнийг эргэцүүлэн бод. Гарцгүй зүйлсэд ч өөр арга зам заавал бий. Туйлын зорилгыг чинь умартуулах олон бэрхшээл тулгарсан ч бүү зогс, бага багаар тэгээд зогсохгүйгээр урагшлаад л бай.

Өөртөө ингэж хэлээд л уншаад байлаа, Алхимичийг. Урам зориг, эрч хүч, бодол ухаарал хайрласан цаг хугацаа байлаа, энэ номыг уншсан мөчүүд. Өөрийгөө таньж мэдэхийн тулд өөрийнхөө дотоод оюун бодлыг тандан чагнаж сурахын мөн чанарыг эндээс олж харлаа.

Never stop dreaming,the old king said. “Follow the omens.”



Зохиолд дүрслэгдсэн дүр тус бүр хүний онцлог шинж чанаруудыг гүн шингээжээ. Тухайлбал, болрын худалдаачин эрийн хувьд дасал болсон нутгаасаа гарч, өөр амьдрал эхлүүлэхийг сэтгэлийн гүндээ хүсэх ч зоригтой алхам хийж эс чадах хүмүүсийн төлөөлөл. Зоригийн цаана айдас бий. Айдастайгаа нүүр тулахаас эмээх нь сэтгэлийн дотоод хүчиндээ үл найдаж буйн илэрхийлэл. Эргэлзэж явсаар 30 жилийг нэгэн хэвийн амьдрал дундаа өнгөрүүлжээ. Одоо ч  түүнд бүхнийг орхиод таньж мэдэхгүй ертөнцөд хөл тавьж, шинэ амьдрал эхлүүлэх хүслийн оч бий ч дэндүү оройтсон гэх бодлынхоо хүлээсэнд бууж өгсөн эр. Бидний гол дүр хоньчин хүү Сантьяго болрын худалдаачинтай хамт амьдарч, наймаа эрхэлж, болор арчилж сурсан нь түүний мөрөөдлийнхөө үзүүрээс барьж авах нэгэн алхам болдог. Хоньчин хүү, хонь хариулахаас өөр зүйлийг хийж, шинэ зүйл сурсан, тэндээ үлдсэн бол хангалуун амьдрах боломж байв. Гэвч болрын худалдаачны амьдралаас нэгэн байрандаа эргэлзсэн зогсож цаг үрж болохгүйг ухаарснаар эрдэнэс хайж олох мөрөөдлийнхөө төлөө дахин хол замд гарах эрч хүч авна.

"You came so that you could learn about your dreams," said the old woman. "And dreams are the language of God."

Тэмээчин эрийн дүр бол харин яг л Монголын тал нутагт хаа ч тааралдах уужуу амгалан малчидтай адил дүр. Тэрээр зөвхөн одоо цагтаа  төвлөрөхийн үнэ цэнийг ухаарсан нэгэн. Өнгөрсөнд болсныг өөрчилж чадахгүй, ирээдүйд болохыг тааж мэдэхгүй, зөвхөн өнөөдөртөө хамгийн сайнаараа байхад бусад бүх зүйлсийн төөрөг өөрөө зурагдана хэмээх итгэл. Хоньчин хүү түүнээс элсэн цөлийн амар амгаланг өөртөө агуулахын үнэ цэнийг ойлгоно.

'The secret is here in the present. If you pay attention to the present, you can improve upon it. And, if you improve on the present, what comes later will also be better.'



Хоньчин хүүгийн алсын замд уулзсан хүмүүсийн тохиол бүр санаандгүй учрал гэж байдаггүйг зөгнөх мэт. Адал явдалт урт аяллын эцэст тэр далайгаас сувд шүүрдэх мэт элсэн цөлийн баян бүрдээс Фатимаг олно. Сантьяго хүүгийн хамгийн чухал эрдэнэс нь алтаар үнэлэмгүй жинхэнэ хайраа олсон явдал байв.

“Ever since I was a child, I have dreamed that the desert would bring me a wonderful present. Now, my present has arrived, and it’s you.”

Алхимичийн байгаль дэлхий, ан амьтадтай нууцлаг хэлээр ойлголцох хүч чадлыг ч тэрээр суралцана. Энэ бүхэн түүний өөрийнхөө дотоод хүчинд итгэсний, зорилгынхоо төлөө үхлийн айдсыг ч даван гарсны шагнал байв.

"Don't give in to your fears", said the alchemist, in a strangely gentle voice. "If you do, you won't be able to talk to your heart."



Эцэст нь нэгтгэж хэлэхэд, Алхимич надад зөн совин, дотоод оюун бодлоо сонсохын ач холбогдлыг ухаарах, эргэцүүлэх боломж сөхөө өглөө. Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг юм байна. Мэдэхгүйгээ мэдэхгүй байхаас ч эмээдэг юм байна. Тэр айдсаа даван туулахад зөн совин, зүрх сэтгэлээ сонсох нь зүг чиг болдог бололтой. Төсөөлөлгүй харанхуйд ч дотоод совингоо сонсож, удирдаж сурсан хүн ертөнцийг илүү таних билгийн хараа нь нээгддэг жамтайг номын өгүүлэмжээр сургажээ.

“When you want something, all the universe conspires to help you achieve it.”



Saturn Writing
………………

Glenview, IL
2026/07/28




 
Бичсэн: Боргоцой | цаг: 22:30 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax